“Тавантолгой түлш” ХХК нэг шуудай түлшийг 20 800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр борлуулж байгаагаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэв. Энэ сарын 1-нээс эхлээд тус компанийн менежментийг нийслэл хариуцахаар болж. Үүний хүрээнд “Тавантолгой түлш”-д аудит хийлгэж, хулгай, үр ашиггүй зарцуулалтуудыг илрүүлэн, бизнес төлөвлөгөөг нь шинэчлэхээ хотын дарга зарлав. Ямар нэг ажил хариуцах болохоороо л гэнэт ухаан орсон аятай баахан шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь илрүүлсэн мэтээр жүжиглэдэг улс төрч, албан тушаалтнуудын нийтлэг зан төрхийг хотын захирагч энэ удаа ч давтлаа.
Нийслэлчүүдэд сайжруулсан түлш нийлүүлээд бараг зургаан жил болж байна. Энэ хугацаанд “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой зөрчил цөөнгүй гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр болсон, нүүрсний хэргийг хянан шалгах сонсголын үеэр гэхэд тус компанийн өр төлбөр, алдагдал, ТУЗ-д холбогдох санхүүгийн зөрчлүүдийг шинжээчид ил болгосон. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх үеэр ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш”-д оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой 1.1 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн, үүнд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн буюу одоогийн Ерөнхийлөгч буруутай гэдгийг Ерөнхий аудитор Д.Загджав хэлж байв. Тус компани эхнээсээ л буруу бодлого, менежменттэйгээр ажиллаж, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Гэвч холбогдох албан тушаалтнууд алдааг нь залруулаагүй, дорвитой арга хэмжээ ч аваагүй.
“Тавантолгой түлш”-ийг нийслэлд хариуцуулах нь 2024 оны эхээр тодорхой болсон. Хотын дарга Х.Нямбаатар энэ бүх үед чимээгүй байсан атлаа өдгөө нойрноосоо сэрсэн аятай ийнхүү гоншигнож буй нь хачирхалтай. Түүний ярьснаар бол “Тавантолгой түлш” бүтээгдэхүүнээ зах зээлийнх нь өртгөөс хямдаар нийлүүлж буй нь алдагдал хүлээх гол шалтгаан болж. Тэгвэл түлшний үнэ нэмэх нь цаг хугацааны асуудал бололтой. Яг одоо төр засгийн түвшинд төрийн өмчит компаниудын реформ, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, үнэ чөлөөлөх талаар хамгийн их ярьж буй ч бодит байдалд эсрэгээрээ, цахилгаан, дулаан, түлшнээс эхлээд суурь хэрэглээний үнийг нэмж, иргэдийн ахуй амьжиргааг дордуулахаас ер хэтрэхгүй байна.
Н.МИШЭЭЛ