МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш Э.Баасандоржтой ярилцлаа.
-Өнөөгийн нийгэмд ёс суртахуунгүй гэж үзэгдэхүйц олон үйлдэл энгийн мэт хүлээн зөвшөөрөгддөг болчихлоо. Үүнийг юунаас улбаатай гэж та бодож байна вэ?
-Чухам юуг ёс суртахуунгүй үйлдэл гэж тооцож буйг тодорхойлох хэрэгтэй шиг санагдаж байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч буй. Үүнд ёс суртахууны үнэт зүйл, олон ургалч байдал зэрэгцэн оршдог. Үнэт зүйл гэдэг бол хүн амьдралаа хаашаа чиглүүлж, юу үйлдэх ёстой вэ гэдгээ шийдэхийн нэр.
Тэгэхээр үнэт зүйлийн олон ургалч үзэл нь юунд дурлаж, татагдахаа өөрөө сонгох боломж юм. Ардчилсан нийгэм дэх хүний зайлшгүй эдлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд эхлэх нь өдгөө ёс суртахуунгүй үйлдэл гэж тооцогдох болов уу.
Манай нийгмийн харилцаанд хүндлэх ёсонд тулгуурласан ёс суртахууны элементүүд түгээмэл байдаг. Сүүлийн үед ёс суртахуунгүй хэмээн үзэгдэж буй үйлдлүүд гэмт хэрэг болон урлагийн бүтээлүүдтэй холбогдох нь их. Аливаа нийгэм ёс суртахууны доройтолд орсон, эсэхийг шууд хэлэхэд хэцүү бөгөөд маргаантай. Хэрэв тэгж үзвэл үүнд хувь хүний зан чанар болон соёлын элементүүд холилдож байгааг сануулах нь зүйтэй. Бусдад хор хохирол учруулахгүй бол хүн юу хүссэнээ хийж болно.
-Урлагийн бүтээл дэх ёс суртахуунгүй байдал гэдгийг дэлгэрүүлэхгүй юү. Аливаа ийм үйлдэлд хариуцлага тооцох, татгалзах соёл манайд дутмаг байх шиг.
-Үг хэлэх эрх чөлөөнөөс үүдэн гарсан гэм хорыг тодорхойлох нь бэрхшээлтэй. Эл эрх чөлөөнд тулгуурлаж л хэвлэн нийтлэх, академик эрх чөлөө байна шүү дээ. Түүнчлэн контентод нас тогтоох нь яалт ч үгүй чухал. Хүчирхийлэл харуулсан контент үзэх тусам үйлдэх хандлага нь улам ихэсдэгийг сэтгэл судлалын олон судалгааны үр дүн харуулдаг. Аливаа контентыг давтамжтай үзээд эхэлбэл бодит байдал, ертөнцийг үзэх үзэл, төсөөлөл түүгээр хэлбэржинэ. Сүүлийн үед техник, технологи хөгжсөний дүнд хүчирхийллийг илүү бодитой дүрслэх боломжтой болсон. Хэрэв ийм төрлийн агуулга их үзвэл эмпатигүй болж, бусдын өмнөөс тухгүй мэдрэмж авах нь багасна. Эмпатиг хөгжүүлж ч, алга болгож ч болно. Ер нь урлагийн бүтээлүүд хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд нэлээд нөлөөтэй шүү дээ.
Нөгөө нь порнограф. Үүнд харилцан тэнцвэртэй харилцаа үүсдэггүй, тэр нь эмэгтэй¬ чүүдэд таалагдаад байгаа ч юм шиг, бэлгийн амьдралыг хэт задгай үзүүлдгийг хүмүүс шүүмжилдэг. Жишээлбэл, артист “113”, “Гинжин” нарын “Зууны зугаа” дуу нэлээд шүүмжлэлд өртлөө. Олон улсыг колончилж байсан хөгжингүй улсууд ядуу буурай орны соёлын элементийг хэрэглэхдээ илэрхий буруу ойлголт төрүүлэхээр байвал ёс суртахуунгүй, үнэт зүйл рүү халдсан үйлдэл гэж үздэг ч нөгөө талд урлагийн эрх чөлөө хэмээх ойлголт бий. Одоогийн уран бүтээлүүдэд байгаа этгээд агуулгыг хуучин цагт амьдарч байсан хүн ойлгож, хүлээж авахгүй нь мэдээж. “113”-ыг шүүмжлэх нь эрүүл бөгөөд зөв үзэгдэл. Хүмүүст таалагдахгүй байсан ч түүнийг хүлцэх хэмжээнд хүлээж авах нь ардчилсан нийгэмд байх л зүйл юм.
-Цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалаад ёс суртахуунгүй үйлдлүүд өөр байж болох уу. Нийгмийн ёс суртахууны нөхцөл байдлыг сүүлийн үед тухайлан судлаагүй юм билээ.
-Ёс суртахууны хэм хэмжээ өөрчлөгддөг. Мөн хэзээ ч өөрчлөгдөхгүй нь бий. Ёс суртахуун бол хэрхэн, яаж амьдрахыг тодорхойлогч систем. Түүхийн явцад хүмүүсийн хэрэглэж буй технологи, амьдралд нь тулгарч буй асуудал бүр өөр шүү дээ. Энэ нь соёлын элемент өөрчлөгдөж байна гэсэн үг. Цаг хугацаа болон орон зайнаас хамаараад соёлууд харьцуулагдах боломжгүй ёс суртахууны хэм хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг соёлын хэм хэмжээгээр нөгөө соё¬ лын сайн, мууг дүгнэх нь асуудалтай.
Хүмүүс ёс суртахуундаа хэрхэн хандаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Хэм хэмжээ бүр өөр байж болно. Харин үүнийг сохроор хүлээн авах уу, чанартайгаар боловсруулах уу гэдэг чухал. Ёс суртахууны хэм хэмжээ уруудаж байгаа, эсэхэд санаа зовохоос урьтаж, түүний агуулгыг өөрийнхөөрөө шүүн тунгаадаг хүмүүсийг төлөвшүүлэх нь чухал санагдаж байна. Зурагт анх хэрэглээнд нэвтрэхэд хүмүүс боловсролын контент үзээд, нийтээрээ соён гэгээрнэ гэсэн найдлагатай байсан. Харин хүмүүс амрах үедээ л энтертайнмент нэвтрүүлэг зурагтаараа үздэг болсон нь капитализмын сөрөг нөлөө үүсэж байна гэх шүүмжлэл дагуулсан нь бий. Харин хэвийн бус зүйлс энгийн мэт үзэгдвэл хүний эрх зөрчигдөх суурь болно гэж ойлгох хэрэгтэй.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Иргэний ёс зүйн боловсрол хэмээх хичээл үздэг. Харин сурах бичигт “Хадам ээжтэйгээ харилцах дүрэм” гэх зэрэг агуулга багтсан нь багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Үүнийг та юу гэж хардаг вэ. Хичээлийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулах нь зохимжтой юм бол?
-“Хэт хуучны, хүний эрхийн мэдрэмжгүй байна” гэх шүүмжлэл олон харсан. Гол нь тэрхүү хичээлийг үзэж буй хүүхдүүд түүнийг онцгойлон хүлээж авахгүй, наргиа болгоод өнгөрч байгаа тал анзаарагддаг. Тэр хичээл үр дүнгээ өгөхийн тулд орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээтэй уялдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орчин үеийн соёлд тулгуурласан байж л хичээлийн хөтөлбөр чанартай хэрэгжих болов уу. Энэ тал дээр бүтэлгүйтээд байх шиг. Сүүлийн үед сэтгэл хөдлөлийн боловсролыг чухалчлах болсон. Монгол хүн юм чинь дотоодын соёл уламжлалтайгаа тодорхой хэмжээнд танилцах хэрэгтэй. Хамгийн гол нь сайн, муу гэж автоматаар заахын оронд хүүхдүүдэд зөв, бурууг үнэлэх чадварыг сууриас нь хөгжүүлэх нь чухал юм. Сургалтын хөтөлбөрийн гол зорилго түүн рүү чиглэх ёстой. Аливаа нөхцөл байдлыг олон талаас нь үнэлж, дүгнэж байж л үүнд суралцах боломжтой.
-Тодруулбал?
-Зөв, буруугийн тухай олон онол бий шүү дээ. Тухайлбал, сайн, муу гэдгийг олон талаас нь тайлбарласан гэсэн үг. Эдгээрийг энгийнээр ойлгуулчих юм бол хүүхдийн шийдвэр гар галтад эерэг нөлөөтэй. Мөн шүүмжлэлт сэтгэлгээг сайжруулах буюу аливааг үнэн , худал гэж тодорхойлохоос урьтаж өөр өнцгөөр харж, сэтгэхэд чиглэх учиртай гэсэн санаа юм. “Хувьдаа зөв гэж бодож байгаа маань буруу юм биш биз” гэж бодох нь ёс суртахууны суурь. Тэгэхээр ёс суртахууны суурь нь эмпати.
-Сошиал медиа нийгмийн толь болжээ. Үүгээр тогтохгүй мэдээллийн урсгалыг дурын нэгэн, ямар ч зүг рүү чиглүүлэх боломжтой болсон шүү дээ.
-Хүн бүр гар утастай болж, контент бүтээх боломжтой нь хүмүүсийг мэдээллийн эрх чөлөөтэй болгож, олон давуу талыг үүсгэж буй. Хуучин нийгэмд мэдээллийн урсгалыг институцээс удирддаг байв. Харин сошиал сүлжээ бол хяналт тогтоох боломжгүй орон зай гэдгийг санах хэрэгтэй.
-Уг боломжоор дамжуулж бид мэдээллийг хялбар, хямд аргаар хүртэх болсон гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн та ёс суртахууны доголдол энгийн мэт үзэгдэх нь ч үүнтэй холбоотой гэсэн. Эл өөрчлөлтөд бид хэрхэн дасан зохицох ёстой вэ?
-Цахим сүлжээнд хүмүүсийг туйлшруулж, талцуулах нөлөө ажиглагдаж байна. Үүгээр дамжуулан хүн бүр мэдээллийн хөөсөнд орсон гэж тодорхойлж болох юм. Ингэснээр олон талын өнцөг, байр суурь орхигдох хандлагатай. Ийм мэдрэмж олонх хүнд төрж буй болов уу. Ингэснээр хүссэн ч, эс хүссэн ч туйлшрах асуудал бий болох юм. Харин цахим платформын компаниуд хэрэглэгчийн алгоритмдаа бусад талын мэдээллийг багтаахад арга хэмжээ авч болох юм. Сошиал сүлжээг тас хориглоё гэх санаачилга мэр сэр гардаг. Тэр хэзээ ч бүтэхгүй санаа бөгөөд татварын мөнгийг дэмий үрсэн хэрэг болно. Харин хүмүүсийн шүүмжлэлт сэтгэлгээг сайжруулан, мэдээллийн урсгалаа чанаржуулах нь хамгийн оновчтой арга зам гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, хоригоос урьтаж хүнээ төлөвшүүлдэг байх хэрэгтэй. Үүнтэй яаж харьцах ёстойг, ямар эрсдэл учрах боломжтойг таниул. Үүнийг мэдсэн хүмүүс аливаад ухамсартай хандаж төлөвшинө. Ямартай ч сошиал хэрэглээгээ зөнд нь хаяж болохгүй. Цахим сүлжээ бидэнд маш олон сонголт үлдээж байгаа нь энэ. Тэгэхээр сошиал медиа хүнээс гарахааргүй их хэрсүү байдлыг шаардаж байна шүү дээ.
Д.Хүслэн