Дэлхийн хамгийн урт, сорилт ихтэй дугуйн аялалд тооцогддог “Торгоны зам”-д нэгдэгчид өдгөө манай улсын газар нутгаар зорчиж байна. “TDA global cycling” байгууллагаас цар тахлын дараа зохион байгуулж эхэлсэн олон улсын дугуйн аялалд өнөө жил Америк, Англи, Австри, Канад зэрэг есөн орны 30 гаруй дугуйчин нэгджээ. Тэд 9165 км зам туулан найман улсын нутгаар хөндлөн гулд зорчих аяллаа өнгөрсөн сарын 8-нд БНХАУ-ын Бээжин хотоос эхлүүлсэн бол 26-нд Замын-Үүд боомтоор нэвтэрчээ. Дугуйчид Дорноговиос Говьсүмбэр, Төв, Улаанбаатар, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн чиглэлд 2300 км замыг 25 хоног туулсны дараа буюу энэ сарын 20-нд Казахстаны нийслэлийг зорих нь. Аяллын эцсийн цэг нь Туркийн Истанбул бөгөөд ирэх аравдугаар сарын 8-нд бариандаа хүрнэ гэж тооцжээ. “Торгоны зам”-д оролцогчдыг манай улс ийнхүү тав дахь удаагаа угтан аваад байна. Энэ удаагийн Монгол дахь аяллын зохион байгуулагч, зөвлөн туслагчаар “Монголиа экспедишнс энд тур” ХХК ажиллаж буй аж.
Ж.Сувд
