2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Боловсролын сайдын багцаас, бүр тодруулбал, нийслэлийн Боловсролын газрын төсвөөс 2.6 тэрбум төгрөг танасан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад шилжүүлсэн байна. Энэ нь нийслэлийн 117 багш, ажилтанд олгох 36 сарын тэтгэмжийн мөнгөн дүнтэй дүйцэж буй юм. Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үед Боловсролын сайд салбарынхаа төсвийг тодорхой үндэслэл, нотолгоотой хамгаалж чадсангүй, улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэртээ гарч буй багш нарын тэтгэмжийг хасууллаа гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн.
Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэл гаргаж, “Долоодугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан ч багш, ажилтны тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Энэ бол түр зуур гал унтраасан хэрэг. Цаашид ийм явдал давтагдахгүй гэх баталгаагүй. Сайд салбараа хамгаалж, төсвөө “харамлаж”, бат зогсох хэрэгтэй гэх байр суурийг зарим багш илэрхийлж байв.
Ч.Цэлмэг