- “Цүнхтэй жагсаал”-д иргэд сайн дураар нэгдэж байна –
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай хүү найз бүсгүйгээ хэдэн зуун сая төгрөгөөр эрхлүүлсний эх үүсвэрийг шалгах, орлогоо нотлохыг шаардсан үйл ажиллагаа өрнөж байна. Түүний том хүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй, АНУ-д хэлний бэлтгэлд суралцдаг аж. Гэтэл найз охиндоо гэрлэх санал тавихдаа Булган аймагт байх “Seven nuga” амралтын газрыг нэг өдрөөр түрээслэн, нисдэг тэргээр очиж, салют буудуулан, улмаар 20 сая төгрөгийн бөгж бэлэглэжээ. Төрсөн өдрөөр нь бэлэг хэмээн шилжүүлсэн 20 сая төгрөгөөр үнэтэй брэндийн цүнх авснаа бүсгүй инстаграмдаа гайхуулснаар өөрөө ч мэдэлгүй “шүгэл үлээж” орхисон юм.
Засгийн газрын тэргүүний жилийн орлого 243, гэр бүлийнх нь 15 сая төгрөг юм билээ. Гэтэл хүү нь аавынхаа жилийн орлогоос ч давсан мөнгөөр найз бүсгүйдээ гэрлэх санал тавих арга хэмжээ зохион байгуулжээ. Үүний ард татвар төлөгчдийн мөнгө урсаж байна уу, эсвэл авлигын том хэрэг үү гэсэн хардлага олон нийтэд эрхгүй төрж буй учраас орлогоо нотлохыг Ерөнхий сайдаас шаардав. Энэ бол зүй ёсны шаардлага. Гэвч уламжлал ёсоор Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийсэнгүй. Булзааруулах гээд бүтэлгүйтдэг ээлжит ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ иргэд гол сэдвээ мартахгүй, ёс зүйн хариуцлага нэхэн, талбайд өчигдөр хоёр дахь өдрөө жагслаа.
ХУДЫНХ НЬ ТАЙЛБАР ГАЛ ДЭЭР ТОС НЭМЭВ
Бүсгүй инстаграмдаа найз залуугийнхаа өгсөн бэлгийг л гайхуулсан юм. Хоёр удаа хувааж хийсэн 20 сая төгрөгийн банкны гүйлгээгээ харуулж, авсан цүнх, 294 мянган доллароор үнэлэгдэх машинаа “танилцуулжээ”. Олон зуун сая төгрөгөөр гэнэтийн бэлэг хүлээж авдаг, тансаг брэндээр гангардаг охин гэдгээ нотлох гэж тэр. Гэтэл байдал бишдээд эхэлмэгц “Машиныг аав, ээж минь бэлэглэсэн” гэсэн тайлбар хийв. Ноцтой асуудал байж мэдэх уг явдлыг Ерөнхий сайдаас холдуулахаар пиарын баг нь цуврал “жүжиг”-ээ дэглэлээ.
Эхний ээлжид бүсгүйн аав Ч.Өгөөдэйбаатар хэмээх хүнээр тайлбар өгүүлэв. Тэрбээр “Би 27 жилийн турш бизнес эрхэлж байна. Бусад аавын л адил охиноо эрхлүүлдэг. Цүнх авмаар байна гэхээр нь 10 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл мөнгө дутлаа хэмээсэн учраас нэмж 10 саяыг явуулсан. Машин авч өгсөн нь үнэн” хэмээн ярилаа. Бохь зажилж, үгээ зөөсөн түүний биеийн хэлэмж итгэл төрүүлсэнгүй. Ярьсан зүйлс нь ч хэдхэн минутын дараа няцаагдаж эхэлсэн юм. Иргэд ч хэрсүү болж.
Тэрбээр хоёр компанитай аж. АНУ-ын Виржиниа муж дахь “Хүннү роуд” хэмээх 2023 онд байгуулсан компани нь бүртгэлийн хураамжаа төлөөгүй учраас үйл ажиллагаа нь зогссоныг иргэн баримтаар ил болов. “Ай Эс Өү Өү” ХХК нь түүний нэр дээр бүртгэлтэй ч тендер авч байгаагүй, уул уурхайн лицензгүй, юу хийдэг нь тодорхойгүй, ер нь бол цаасан дээрх компани бололтой. Мөн Ч.Өгөөдэйбаатар зарын группүүдээр хэрэглэсэн мод, банз, төмөр утас зарах мэдээлэл оруулж байжээ. Ер нь үнэтэй машин авах боломжтой, баян бизнесмен гэж итгэхээргүй байгаа юм. Үүнээс гадна охиных нь данс руу шилжүүлсэн 20 сая төгрөгийг хоёр хуваагаад минутын дотор хийснийг, гүйлгээний утга нь Т үсэг байгааг иргэд хэдийн харчихсан байлгүй яах вэ. Ерөнхий сайдын хүүгийн нэрийн эхний үсэг. “Мөнгө дутлаа” гэж яриад нэмж хийхэд ядаж гурван минут зарцуулна биз дээ” хэмээн шоолжээ. Ингээд худын яриа байдлыг намжаах биш, улам гал дээр тос нэмэв. Ерөнхий сайдаас иргэдийн амьдрал хэцүү байгааг асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг нийгмийн сүлжээгээр харлуулж, дайрсан. Тэр троллуудын нэг нь ч мань Ч.Өгөөдэйбаатар байж, худаа өмөөрөн коммент бичиж байсан нь ил боллоо. Охин нь Ерөнхий сайдын хүүтэй үерхдэгийг энэ сенсац дэгдсэний дараа л мэдсэн гэсэн нь ч худал байжээ. Спортын мастер цолыг нь мялааж, охин, хүргэн хоёр нь түүнийг найзуудынх нь хамт “UG arena”-д болсон дээд лигийн тоглолтыг VIP өрөөнөөс үзүүлсэн тухай баярласан анд нь хуваалцаад бас л “баг алж” орхисон байх юм.
Тэгмэгц олон нийт “Одоо бүсгүйн ээжийг яриулаад нэг үзэх үү. Уйлаад, охин нь энэ мэдээллүүдээс болж амиа хорлох нь” гэсэн нэг “анги” явах юм уу гэцгээв. Одоогоор ээжийг нь яриулаагүй байна. Гэхдээ бүсгүйн ээж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 2019-2024 онд ажилласан, жилийн орлого нь энэ хугацаанд 200 сая төгрөг болтол нэмэгдсэн гэнэ. Тэгсэн ч охины тансаглалыг дийлэхгүй нь.
Ц.ЭЛБЭГДОРЖ БАMCS
Ерөнхий сайд өчигдөр Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Том төслүүдээ хөдөлгөх нь зөв. Гэхдээ ингэлээ гээд түүний хүү ямар мөнгөөр найз бүсгүйгээ эрхлүүлснийг тайлбарлах “ял”-аас Ерөнхий сайд мултрахгүй. Мега төслүүдийг эхлүүлж буй нь уг явдлыг зөвтгөхгүй.
Мартуулах, сарниулах ажиллагааны дараагийн шат нь “Мега төслийг хэрэгжүүлэхэд Ц.Элбэгдорж саад болж байна. Тиймээс ийм зохион байгуулалттай сенсац тараалаа” гэсэн мессеж. Монголын баялгийг сүүлийн 30 жилийн турш энэ хүн “идэж” байгаа тул тэр л бүх зүйлд буруутай. Эрхэлсэн ажилгүй, орлогогүй хүү нь хэдэн зуун сая төгрөгөөр гэрлэх санал тавьж яваад ч Ц.Элбэгдорж буруутай. Экс Ерөнхийлөгч тэр тансаглах мөнгийг нь зориуд хүүд нь өгсөн ч юм уу, ойлгомжгүй. Тэжээвэр троллууд нь “Хөөрхий хүүхдүүд эрхлэлдэж л байг, хэдхэн зуун сая л төгрөг юм байна, юун сүртэй юм. Өөрсдөө брэндийн бэлэг авч, өгч чадахгүйдээ атаархлаа” гэсэн өрөвдүүлэх тактик хэрэгжүүлэх гэж нэг үзэв. Үүний оронд тэр Ц.Элбэгдоржийг барьж ир, хариуцлага тооц гэв. Тэгснээ MCS компанийнхан руу бухах гэж ч үзлээ. Мөн сенсацыг сенсацаар дарах “сонгодог” аргаа ч хэрэглэв. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгч агсан Г.Батбаярын охинтой “зодолдуулсан” тухай шуугиан гаргах гэж оролдоод нэг их газар авсангүй. “Хүн солиод ямар ч ялгаагүй, Ерөнхий сайд хийх зангарагтай өөр улс төрч байхгүй” гэсэн явуулгаа ч үргэлжлүүллээ. Ер нь хар пиарын багийнхных нь ажиллагаа нэг л бүтэл муутай, үнэмшилгүй болчихжээ.
Мягмар гаргаас эхэлсэн эсэргүүцлийн цуглаан Ерөнхий сайдыг огцортол үргэлжилнэ гэж буй. Шударга бус байдлыг удаан тэвчихийг хүсээгүй залуус, иргэд сайн дураараа ийнхүү нэгдэж байна. Хэдийгээр эхний өдөр 20 гаруйхан хүн цугласан ч өчигдөр залуус улам олуулаа ирсэн байна. “Цүнхтэй жагсаал” буюу “Огцрох амархан” уриаг тэд дэвшүүлсэн юм. “Ноорог медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан “Шударга бус бүхний эсрэг тэмцэж чаддаг гэдгээ харуулж, зохион байгуулалттай, тууштай жагсах хэрэгтэй” хэмээн уриалав. Нэгэн иргэн “Бид хэтэрхий дасамтгай, хүлцэнгүй байсаар хэмжээгүй эрхт феодлизм, бараг фашизм шахуу дектатур тогтоолголоо. Буулгаж, буцааж чаддаг гэдгээ нэгдэж харуулмаар байна” гэжээ. Сүхбаатарын талбайд цугласан иргэд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулсан юм. Мэдээж үүний хүчийг сулруулахын тулд лайвчид, троллуудаа ч илгээлээ. Нөгөө талаас огцруулах шаардлагын хүчийг сулруулахын тулд УИХ-ыг тараах “хамааралгүй” уриалга ч эрчимжив. Олон нийтийн анхаарлыг сарниулах ээлжит ажиллагаа гэсэн үг.
Ерөнхий сайдын бэрийн сурлага, хувь хүн нь бидэнд огт хүртээлгүй. Харин түүний хамаарал бүхий хүн яаж тийм их мөнгөтэй болсныг нотлоход л анхаарлаа хандуулах учиртай юм. Л.Оюун-Эрдэнэ томилогдсон цагаасаа авлигатай тэмцэж буй. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төслийг түүний Засгийн газраас санаачлаад явж байна. 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээр бол Ерөнхий сайд “Херо энтертайнмент групп”-ийн 50, “Хүлэг контент” хэмээх компанийг 100 хувь эзэмшдэг аж. 364 сая төгрөгийн нэг орон сууц, 30 сая төгрөгийн машин, 67.5 саяын үнэт эдлэл, 169.3 саяын мал аж ахуйтай юм байна. Тэрбээр өөрөө 30 сая төгрөгийн машин унаж байхад бэр нь нэг тэрбум давсан үнэтэй унаатай гэсэн үг. Худ нь ч, өөрөө ч эл бүсгүйг ингэтэл тансаглуулах бэлгүй харагдаж буй юм. Гэтэл авчихсан бэлэг, хийсэн арга хэмжээ нь бичлэг, баримттайгаа байж байдаг. Энэ орлогын эх үүсвэрээ тайлбарла, чадахгүй бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэргээ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэж, Ерөнхий сайдын суудлаас буух сонголт түүний өмнө ирээд байна. Хариуцлага тооцож чаддаг ард түмэнтэй, ёс зүйтэй улстөрчидтэй оронд бол төрийн өндөр албан тушаалтны огцрох хангалттай том шалтгаан энэ мөн.
Австралийн Тээврийн сайд Жо Хайлен жолоочоо олон удаа хувийн ажил, аялалдаа дайчилсан нь илчлэгдэж, улмаар албан тушаалаасаа огцорсон жишээ байна. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак эхнэр Розма Мансорыгоо эрхлүүлж, үнэтэй брэндийн олон цүнх авч өгсөн нь илчлэгдээд, хожим нь авлигын хэргээрээ ял авсан байдаг. Энэ мэт жишээ олон. Авлигатай хийх тэмцлээ өөрөөрөө үлгэрлэ, Ерөнхий сайд аа. Орлогоо нотол, чадахгүй бол ажлаа өгч, ёс зүйн хариуцлагаа хүлээ.