Саяхан манай байрны цахилгаан хэсэгхэн хугацаанд тасрав. СӨХ болон орон сууцын конторынхноос учрыг нь лавлатал “Айлуудын цахилгааны тоолуурыг шинэчлэхээр түр салгасан” гэлээ. Ямар учраас урьдчилан мэдэгдэлгүй, цахилгаан таслан барин тоолуур шинэчлэх болсныг “Улаанбаатар цахилгаан тү гээх сүлжээ” (УБЦТС) ТӨХК-ийн Дуудлагын төвийн 7004 7004 утсаар холбогдон асуухад “Ганц танай хотхонд ч биш, Баянгол дүүргийн хэмжээнд тоолуур шинэчилж байна” гэсэн юм. Үүний дараа цахилгааны төлбөрийн шинэчилсэн мэдэгдэл ирэхэд өмнөх тооцоон дээр 27 мянга гаруй төгрөг нэмэгдсэн байлаа. Мөн л цахилгаан түгээх компанийн дээрх утас руу залгаж учрыг нь тодруулахад “Хуучин тоолуур дээрх цөөн хоногийн хэрэглээний заалтыг бичиж, дахин нэхэмжлэх илгээсэн” гэж тайлбарласан юм. Хотхон, байрны фэйсбүүк бүлгэмүүдэд цахилгааны төлбөр учир битүүлгээр нэмэгдсэн шалтгааныг асууж сурагласан, тандаж таамагласан хүн цөөнгүй харагдав. Энэ явдлаас үүдээд “Шинэ тоолуурын мөнгийг айлуудын хэрэглээний төлбөрт шингээж бодов уу, эсвэл үнэхээр хуучин төхөөрөмж дээрх үлдэгдэл тооцоог нэгтгэн бичив үү” гэдэг асуулт хариултгүй, таамаг төдий үлдлээ. Харин нэг зүйл баттай болсон нь ганц манай хотхон, дүүрэгт ч бус, улс, нийслэлийн хэмжээнд тоолуур шинэчлэх ажил энэ мэт элдэв хардлага, шүүмжлэл дагуулан ид өрнөж буй аж.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу цахилгаан дамжуулах, түгээх компаниуд нийслэл, орон нутагт ухаалаг тоолуур нэвтрүүлж байна. Нийслэлийн хэмжээнд гэхэд энэ ажил 63.4 хувьтай үргэлжилж байгааг УБЦТС компанийнхан мэдээлэв. Улаанбаатар хотын хэмжээнд 523 мянга гаруй хэрэглэгчийн тоолуурыг шинэчлэхээс өдгөө 330 мянгыг нь сольжээ. Хуучин тоолуурыг шинээр солих үйл явцад дээр дурдсан үл ойлголцлууд үүсэж байна. Эрчим хүчний салбарт хийж буй “шинэчлэл”ийн өнгөн дээрх ил асуудал нь энэ аж. Харин үүнээс далд буюу хөшигний цаана “но”-той ямар асуудлууд үүсэж байгааг доор дэлгэрүүлье.
ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИД ЮҮ ВЭ
Улсын хэмжээнд нэвтрүүлж байгаа шинэ стандартын гэх тоолуурын гол дэвшил нь дата өгөгдлийг буюу хэрэглээний талаарх мэдээллийг хяналтын төв систем рүү тасралтгүй, найдвартай дамжуулах гэнэ. Ингэснээр цахилгааны хяналтын байцаагч гэдэг мэргэжил үгүй болж, тоолуурын заалтыг гараар бичиж тэмдэглэдэг үе ард хоцорно гэж албаныхан мэдээлсэн. Түүнчлэн хэрэглэгчийг аливаа эрсдэлээс сэргийлэх хамгаалалтын технологитой хэмээн сурталчилж байгаа. УБЦТС ТӨХК-ийн Тоолуурын систем зохицуулалтын инженер Б.Номин-Эрдэнэ “Сүлжээнд хэт хүчдэл үүсэх, хэрэглэгчийн цахилгааны дотоод монтаж (холболт)-д гэмтэл гарах зэрэг эрсдэл тохиосон үед ухаалаг тоолуур аливаа хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хамгаалах боломжтой. Мөн цахим системд бүрэн шилжсэнээр айл өрх, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэглээгээ бодитоор хянах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хэрэглээгээ илүү оновчтой болгож, цахилгаан зарцуулалтаа 20-40 хүртэлх хувиар бууруулах боломжтой” гэж ярьжээ. Цагийн ялгавартай тарифт тохируулан хэрэглээгээ хянах, удирдах боломж олгох, мөн төлбөрөө төлөөгүйгээс цахилгаанаа хязгаарлуулсан өрх айлуудад сэргээх үйлчилгээг алсын зайнаас үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг дамжуулах зэрэг ач холбогдолтойг ч инженерүүд онцолсон байв. Шинэ тоолуурын шидийг хуучныхтай харьцуулшгүй гэнэ. Тиймээс Засгийн газрын тэргүүнээс эхлээд салбарын сайд, дарга нар нь хүртэл ухаалаг тоолуурын системд улсаараа шилжих ажлыг эр чимжүүлэхэд анхаарч буй гэх.
ПРОТОКОЛЫН “НО”
Тоолуурын протокол гэж чухал зүйл бий. Энэ нь цахилгаан, ус, дулааны хэрэглээг хэмждэг төхөөрөмжүүд болон хяналтын төв систем хооронд өгөгдөл дамжуулах, харилцах боломжийг олгодог нийтлэг стандартуудыг хэлдэг. Нэг ёсондоо төхөөрөмжүүдийн хоорондоо ойлголцох хэл гэсэн үг. Протокол нь ямар байхаас шалтгаалан тоолуурын өгөгдлийг утасгүй сүлжээ (GPRS, 3G, 4G), кабелийн холболт (RS485), цахилгааны утас (PLC) зэргээр төв систем рүү дамжуулах боломжтой. Тэгвэл өдгөө Улаанбаатар хотод олон мянгаар нь суурилуулаад байгаа ухаалаг тоолуурын стандарт, протокол нь юу вэ. Ямар стандартын тоолуур суурилуулаад, аль аргачлалаар өгөгдөл дамжуулахаар болсон бэ. Энэ асуултад УБЦТС ТӨХКийнхнаас хариулт авахаар удаа дараа хандсан боловч дорвитой мэдээлэл өгсөнгүй. Харин GPRS/3G/4G, RS485, PLC сувгаар дата өгөгдөл дамжуулах боломжтой ухаалаг тоолуурын ерөнхий танилцуулга, мэдээлэл илгээв.
Уг нь энэ асуултын хариултаас тоолуур шинэчлэх хэрэгцээ үнэхээр байсан уу, өөр аргаар шийдэх боломжтой юу гэдэг нь тодорхой болох байв. PLC суваг буюу цахилгааны утсаар өгөгдөл дамжуулах бол заавал шинэ тоолуур нэвтрүүлэх шаардлага байхгүй. Утасгүй сүлжээ болон кабелийн холболтын хувьд ч ялгаагүй, дата модем, концентратор зэрэг төхөөрөмж ашиглаад л тоолуурын мэдээллийг дор нь тат чих боломжтой юм билээ. Ийм боломжууд байсаар атал айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоолуурыг хуугаар нь солих болсон нь ямар учиртай вэ. Холбогдох байгууллагынхан үүнд үндэслэлтэй, бүрэн дүүрэн тайлбар өгөхгүй байгаа нь хардлага дагуулсаар.
СТАНДАРТ ХААЧИВ
Эл төслийн ажил эрчимжсэнтэй холбоотойгоор ухаалаг тоолуур хэмээх нэр томьёо сүүлийн үед илүү танигдах болсон. Уг нь үүнтэй холбоотой судалгааг аль 2019, тоолуур худалдан авах, суурилуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн юм билээ. УБЦТС ТӨХК гэхэд “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”ийн хүрээнд сүүлийн гурван жилд 10 гаруй багц тендер зарлаад байна. Төслийн эхний шатны төсөв нь 35.9, хоёр дахийнх нь 33 тэрбум төгрөг гэхээр энэ ажлын цаана хэр их хэмжээний мөнгө эргэлдэж буй нь төсөөлөгдөх байх. Тус компанийнхан зөвхөн нийслэлийн буюу төвийн бүсийн хэрэглэгчдийн тоолуурыг шинэчилж байгаа. Үүнээс гадна бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаниуд орон нутагт тоолуур сольж буй. Гэтэл тоолуур худалдан авахтай холбоотойгоор зарласан тендерийн мэдээллүүдээс уг ажил нэгдсэн бодлого, стандартгүй үргэлжилж байж болзошгүй нөхцөлүүд харагдав.
Тухайлбал, зарим тендерийн техникийн нөхцөлд олон улсын, харьцангуй дэвшилт гэж хэлж болохуйц (DLMS/COSEM зэрэг) протокол дэмждэг тоолуур, тоолуурын систем худалдан авахаар тусгасан байхад нөгөөд нь нэмэлт төхөөрөмжөөр мэдээллийг нь татаж авах боломжтой, хуучны протокол (DLT гэх мэт)-тойг нийлүүлэх шаардлага тавьсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгт нь өндөр стандартын ухаалаг, нөгөөд нь нэмэлт төхөөрөмжийн тусламжтай мэдээлэл дамжуулах боломжтой хуучин тоолуур нийлүүлж байж болзошгүй байгаа юм. Тэгвэл эндээс “Зарим бүсэд концентратор зэрэг төхөөрөмжийн тусламжтайгаар хуучин тоолууруудын мэдээллийг татаж аваад, алсаас удирдаж болоод байхад яагаад заавал шинийг нийлүүлэх ёстой вэ” гэсэн асуулт гарч байна. Цахилгаан түгээх компаниуд дурын тоолуураас мэдээлэл татах программ хангамж хөгжүүлэх, концентратор нийлүүлэх тендер зарласан нь ч ингэж асуухад хүргэв. Дурын тоолуураас мэдээлэл татах программ хөгжүүлчихвэл хуучнаа ашиглаж яагаад болохгүй гэж. Эргэлзээ дагуулсан энэ нөхцөл байдал ухаалаг тоолуурын гэх төслийн цаана мөнгөний, ашиг сонирхлын сүүдэр нуугдаж буй гэх хардлага сэрдлэгийг лавшруулж байна. Нэгдсэн стандарт, аргачлалгүй ажил хэрэгжүүлснээс үүдэлтэй цаашид гарч болзошгүй эрсдэл, зардлуудыг хэн үүрч, хариуцлага хүлээх вэ.
ТЕНДЕРИЙН ЦААНА
УБЦТС ТӨХК “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд 2023-2025 онд арван багц тендер зарлажээ. Үүнд “Эндлес энержи”, “Дижитал повер”, “Ханжоу санрайз техноложи” зэрэг компани нэг бус удаа шалгарсан байна. Тухайлбал, “Эндлес энержи” гурав, “Дижитал повер” болон “Ханжоу санрайз техноложи” тус бүр хоёр удаа шалгарч, тоолуур нийлүүлэх эрх авчээ. Төслийн хоёрдугаар үе шатанд зарласан таван багц тендерийн гуравт нь БНХАУ-ын “Ханжоу санрайз техноложи”, “Лонжи метер” шалгарсны дараа дотоодын гэгдэх компаниуд Сангийн яаманд энэ асуудлаар гомдол гаргажээ. Үүнд УБЦТС компанийн зүгээс “Яамны шийдвэр, мэдэгдлийг үндэслэн тендерийн үнэлгээний хороо компаниудаас ирүүлсэн материалыг дахин нягталж, шалгаруулсан” гэдэг тайлбар өгсөн. Зарим эх сурвалжид дурдсанаар эл хоёр компаниас ирүүлсэн материалд санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт ил тод биш, ажилчдын туршлагын мэдээлэл байхгүй, ижил төстэй бараа нийлүүлсэн түүхгүй, холбогдох хүний гарын үсэггүй зэрэг олон зөрчил илэрсэн гэх. Тиймээс тендерийн материалыг дахин үнэлэх чиглэлийг Сангийн яамнаас өгчээ. Үндсэндээ тендер шалгаруулалтын үйл явцад будилаан орсон байж болзошгүй гэж үзсэн байна.
“Ханжоу санрайз техноложи” болон “Лонжи метер”-ийн хувьд аль аль нь ухаалаг удирдлагын цогц систем хөгжүүлэлтээр танигдсан технологийн компани юм билээ. Ийм туршлагатай компаниуд яагаад мэдээжийн алдаа гаргаж, хариуцлагагүй загнав. Зөрчилтэй материал ирүүлсэн гадаадын компанийг манайхан яагаад дуун дээр нь “хүлээн зөвшөөрөв” гээд бодвол “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”ийн цаана ухаж ойлгоход бэрх, анхаарал татах асуудал бишгүй.
Н.Мишээл