Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сангийнхан хамтран “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе” уралдаан зарлалаа. Зорилго нь Монголын нөхцөлд тохирсон япон хэлний сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээг нэмэгдүүлэх, япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байгаа аж. Уралдаанд япон хэл суралцагчид, багш, оюутнууд, сургалтын материал боловсруулах сонирхолтой хувь хүн, мөн анги хамт олон, сургууль, клуб, гэр бүл, найз нөхөд, бусад сайн дурынхан гэхчлэн багаараа оролцох боломжтой гэнэ. Оролцогчдын япон хэлний түвшин, тус улс руу зорчиж байсан, эсэх, нас, хүйс, мэргэжил, иргэншил нь уралдаанд хамаарахгүй.
Номын сэдэв чөлөөтэй бөгөөд шагналт байрын бүтээлүүдийг цахимаар олон нийтэд хүргэж, мөн ном болгон япон хэлний сургалттай сургуулиудад тараахаар төлөвлөжээ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг есдүгээр сарын 17 хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг japan-center. edu.mn хаягаар авахыг зохион байгуулагчид зөвлөлөө.
М.Гэгээ