Төсвийн тухай хуульд заасны дагуу хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярт өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан билээ. Ирэх оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцсон нь өмнөх оныхтой харьцуулахад 600 орчим тэрбумаар буурсан дүн юм.
Төсвийн орлого агшиж, хөрөнгө оруулалтын зардал буурсан, мөн хуримтлагдсан өр, бондын дарамт нэмэгдсэн энэ үед Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл, санхүүгийн сахилга бат ямар байх ёстой вэ. Төсвийн төслийн бодлогын өөрчлөлт, эрсдэл болон хяналтын тогтолцооны талаарх сөрөг хүчний байр суурийг тодруулахаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяатай ярилцлаа.
-Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бодлогын хувьд ямар өөрчлөлт гарсан бол гэдгээс яриагаа эхэлье.
-Миний судалснаар 2027 оны төсвийн төслийн хамгийн том өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын бодлогын жин буурч, санхүүжилтийн бүтэц өөрчлөгдсөн явдал юм. Ирэх жилийн төсвийн төсөлд хотын хөгжлийг агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглал гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хуваарилсан бололтой. Гэхдээ төсвийн бүтцийг харвал анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий. 2026 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад хөрөнгийн зардал 2.8 их наяд төгрөгөөс 1.4 их наяд болж, 47 орчим хувиар буурахаар байна. Харин урсгал зардал өсөхөөр төлөвлөжээ. Үүнийг би сөрөг үзэгдэл гэж дүгнэж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд олон төсөл зэрэг эхлүүлж, санхүүжилтийн боломжоосоо давсан хөрөнгө оруулалт хийх гэж оролдсон. Ингэхдээ ямар нэгэн эрэмбэгүй, бүгдийг зэрэг явуулж эхэлсэн. Тэгэхээр эрх баригчид үнэнд гүйцэгдэж, хөрөнгө оруулалтыг ямар шалгуураар бууруулж байгаа нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд буруу төлөвлөж, орлогыг зохиомлоор нэмэгдүүлж, үр ашиггүй төсвийн зардал гаргасны үр дүн нь өнөөдрийн энэ төсвийн төсөл болж байна л даа. Хотын төсвөөр хамгийн түрүүнд санхүүжүүлэх зүйл бол иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх, эдийн засгийн өгөөж өндөртэй, өмнө нь эхлүүлсэн төслүүд байх ёстой. Төсвийн тэргүүлэх чиглэл өөрчлөгдөж болно. Гэхдээ хөрөнгө оруулалтын үр ашиг, хариуцлага, хэмжигдэхүйц үр дүн үзүүлэхгүй бол бодлогын шинэчлэл болсон гэж үзэхгүй.
-Төсвийн орлогыг 2026 оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-2027 оны төсвийн орлого буурах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, өмнөх жилийн төсөвт нэг удаагийн шинжтэй орлого, хөрөнгийн борлуулалт, үлдэгдэл шилжүүлгийг өндрөөр тооцсон. Хоёрдугаарт, татварын бааз болон түүний орлогын төлөвлөлт өөрчлөгдсөн. Гуравдугаарт, өмнөх жилийн орлогын төлөвлөгөө хэт өөдрөг байсан. Ингэхээр ирэх жилийн төсвийг бодит гүйцэтгэлд ойртуулан бууруулах шаардлага үүсэж буй юм.
Орлого буурч буй шалтгаанаас гадна бүтэц өөрчлөгдсөн явдал анхаарал татаж байна. 2027 оны төсвийн төсөлд ААНОАТ-ын орлогыг 1.4 их наяд төгрөгөөр тооцсон нь 2026 оны батлагдсан төсвөөс 37 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь ирэх жилийн төсвийн орлогын гол цөм болно.
Нөгөө талд татварын бус орлого 22.8 хувиар буурсан нь нийслэлийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, хотын өмч, газар, нийтийн үйлчилгээний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудыг хангалттай шийдэхгүй байгааг сануулж буй бас нэгэн дохио юм. Орлого буурсан нөхцөлд иргэдэд үзүүлэх үйлчилгээ болон хөгжлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь хотын удирдлагын бодлогын чадварыг харуулсан сорилт. Мөн орлогоо бодитоор тооцож, өр тавихгүй, хэт өөдрөг төсөв батлахгүй байх зэрэг нь санхүүгийн сахилга бат хангах бас нэгэн шалгуур юм шүү дээ.
-Тэгвэл орлого буурсан нөхцөлд хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, үр ашиггүй зардлуудаа танах ёстой байх.
-Хотын төсөвт хязгаарлагдмал нөөцийг нийгэм, эдийн засгийн хамгийн өндөр өгөөж бий болгох чиглэлд хуваарилах ёстой. Төсөв танах гэдэг нь бүх салбарын зардлыг ижил хувиар бууруулахыг хэлдэггүй. Хэрэв би эрх баригч байсан бол иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөж болон ашиглалтын зардал өндөртэй төслийг дахин үнэлэх, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа дүгнэн дуусгах гэсэн дарааллаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ. Мөн шууд хэмжигдэхүйц бус, үр дүнгүй, төрийн байгууллагуудын давхардсан үйл ажиллагаа, үр ашиг нь нотологдоогүй сурталчилгаа, арга хэмжээ, зөвлөх үйлчилгээ, шинээр авах тоног төхөөрөмжийн зардал, ТЭЗҮ, зураг төсөл, газар чөлөөлөлт нь шийдэгдээгүй төслийн санхүүжилт болон өмнөх төслийн үр дүнг үнэлэлгүй дахин санхүүжүүлж буй хөтөлбөрийг танах шаардлагатай. Төсвийг хавтгайруулж таналгүйгээр үр ашиггүй зардлыг бууруулж, өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтыг хамгаалах байсан.
-Олон жилийн турш агаарын бохирдол, түгжрэл, дэд бүтэц, засаглалд олон тэрбум төгрөг зарцуулсан ч дорвитой үр дүн гарсангүй. Эл төсөв бодит өөрчлөлт авчирч чадах уу?
-Үүнийг нийслэлийн төсвийн хамгийн том асуудал гэж хардаг. Улаанбаатар хотын гол асуудал нь хөрөнгө мөнгө дутсандаа бус, харин зарцуулсан хөрөнгөө бодит үр дүн болгож чадаагүйд байгаа юм. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг чухал ойлголт бий. Үүнийг төсвийн орц, гарц, үр дүнгийн ялгаа гэж нэрлэдэг. Орц талаасаа хэдэн төгрөг зарцуулсан, гарц талаасаа тэр мөнгөөр юу бүтээв, харин үр дүнгийн хувьд иргэдийн амьдралд юу өөрчлөгдсөн бэ гэдэг нь тодорхой харагдах ёстой.
Жишээлбэл, зам барихад 500 тэрбум төгрөг зарцуулсан нь орц, түүгээр 10 километр зам барьсан нь гарц, харин иргэдийн зорчих хугацаа таван хувиар буурсан нь бодит үр дүн юм. Гэтэл бид эхний хоёр үзүүлэлтээ л тайлагнадаг. Уг нь гурав дахь үзүүлэлтээр хариуцлага тооцох ёстой байтал энэ тогтолцоо алдагдсан учраас хэдэн их наяд төгрөг зарцуулсан ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна.
Агаарын бохирдлын хувьд гэр хорооллын халаалтын эх үүсвэрийг өөрчлөх, цахилгаан болон хийн хэрэглээнд шилжүүлэх чиглэлийг тусгажээ. Гэвч үүний үр дүнд PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж хэдэн хувиар буурсан бэ гэдэгт хариулж чадахгүй бол бид төсвөө салхинд хийсгэсээр л байх юм. Дэд бүтэц талаасаа ч бидэнд ойлголтын зөрүү бий. Зөвхөн зам тавьснаараа дэд бүтэц хөгжчихдөг юм биш. Цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан, үерийн хамгаалалт, нийгмийн үйлчилгээг хамтад нь төлөвлөж, төсөвт суулгаснаар энэ асуудлыг иж бүрэн шийднэ шүү дээ.
Засаглалын тухайд төсөв зарцуулсан байгууллага хийсэн ажлаа өөрөө үнэлдэг тогтолцооноос татгалзах хэрэгтэй. Үр дүнг нь хараат бусаар үнэлдэг тогтолцоонд шилжих учиртай. Дээр дурдсан таван чиглэл бүрээр 2027 оны төсөвт хэмжигдэхүйц үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг баталж өгөхгүй л бол бодит өөрчлөлт гаргах боломжгүй. Иргэдийн амьдралд бий болсон ахиц дэвшлээр 2027 оны төсвийн үр дүн харагдах ёстой.
-Мега төслүүдийн санхүүжилт, өмнөх бонд, өрийн эргэн төлөлт ирэх оны төсөвт хэр дарамт учруулахаар байгаа бол?
-Энэ бол миний хамгийн их анхаарал хандуулж буй асуудлуудын нэг. Учир нь хотын төсвийн орлого буурсан нөхцөлд өмнө нь авсан өрийн эргэн төлөлт, бондын хүү, шинэ төслүүдийн санхүүжилт давхардаж байгаа нь нийслэлийн санхүүгийн чадамжид ихээхэн дарамт үүсгэнэ. Юуны түрүүнд бид нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Бондын үндсэн болон хүүгийн, свопын төлбөр, шинээр босгох хөрөнгө оруулалтын санхүүжилт гэдэг нь тусдаа ойлголт. 2027 оны төсвийн төсөлд нийслэлийн үнэт цаасны хүү, төлбөрт 328 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн харагдана лээ.
Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргаж эхэлснээс хойш сүүлийн таван жилд дотоодын зах зээлээс 1.6 их наяд төгрөг, гадаадаас 500 сая ам.доллар буюу нийтдээ ойролцоогоор 2.7 их наяд төгрөгийн бонд татан төвлөрүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй тэрбумыг нь төлсөн бөгөөд үлдэгдэл 2.6 их наяд орчим төгрөгийн өр байгаа. Гэвч энэ бүхэн үнэхээр үр дүнтэй байж чадсан уу. Тухайлбал, 2027 оны наймдугаар сард төлөх “Сэлбэ 20 минутын хот” төслийн 500 сая ам.долларын, 7.75 хувийн хүүтэй бондын төсөл одоогоор санхүүгийн алдагдал хүлээх хэмжээнд хүрч, хугацааг нь сунгахаар ярьж байна.
Ер нь нийслэл татварын орлогоосоо өр төлөх чадвар жил ирэх тусам буурч буйг энэ төсөв харуулж байна. Өрөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт ирээдүйд хотод бодит эдийн засгийн өгөөж бий болгох ёстой. Мега төсөл бүрийн эргэн төлөлт хаанаас бий болох вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай. Өнөөдрийн иргэдийн хэрэглээний зардлыг маргаашийнхад өр болгон үлдээж болохгүй. Зөвхөн 2027 оны төсөвт дарамт учруулах гэхээс илүүтэй дараагийн 5-10 жилд энэ их бонд, үнэт цаасны өрийн дарамтыг иргэд татвараараа дамжуулан үүрч болзошгүй л гэсэн үг.
-Төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороодод шилжүүлэх нь төвлөрлийг сааруулах уу. Эсрэгээрээ хяналт тавих боломж хумигдах эрсдэл бий юү?
-Би төсвийн эрх мэдлийг дүүрэг, хороодод шилжүүлэх зарчмыг буруу гэж үздэггүй. Харин үүнийг ямар институцийн зохион байгуулалттай хэрэгжүүлэх вэ гэдэг нь л чухал. Төвлөрлийг сааруулахын гол зорилго нь тухайн нутаг дэвсгэрийн иргэд өөрсдийн хэрэгцээг хамгийн сайн мэддэг учраас шийдвэр гаргах эрх мэдлийг тэдэнд ойртуулах явдал юм. Жишээлбэл, тухайн хорооны иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал нь явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах суваг байж болно. Үүнийг хорооны иргэд маш сайн мэддэг шүү дээ. Тиймээс аливаа асуудалд үндсэн гурван нөхцөл хэрэгтэй. Шийдвэр гаргах эрх мэдэл, санхүүгийн хариуцлага, ил тод, хараат бус хяналт. Хэрэв эдгээрийн аль нэг нь байхгүй бол төвлөрлийг сааруулах бодлого амжилтад хүрэхгүй. Би хувьдаа төсвийн хөрөнгө жижиг, хоорондоо уялдаагүй ажлуудад хуваагдах, улс төрийн нөлөөллөөр төсөл сонгох, худалдан авах ажиллагаа хяналтаас гарах вий гэж болгоомжилж байна.
Нийслэлийн түвшинд нэгдсэн стандарт, санхүүгийн сахилга, томоохон дэд бүтцийн уялдааг заавал хангах хэрэгтэй. Нэг дүүрэг өөрийн нутаг дэвсгэрийн замыг засахдаа зэргэлдээх дүүргийнхтэй уялдуулах асуудлыг орхигдуулж болохгүй. Түгжрэл, ус зайлуулах систем, дулаан, цахилгаан бол дүүргийн хилээр хязгаарлагдахгүй нэгдсэн систем юм. Мөн санхүүгийн тэгш байдлыг хангах шаардлагатай. Орлого өндөртэй дүүрэг илүү сайн үйлчилгээ авч, орлого багатай нь хоцрох ёсгүй. Төсвийн эрх мэдлийг анхан шатны нэгж рүү шилжүүлэхийг дэмжинэ. Гэхдээ хариуцлага, хяналт, санхүүгийн тэгшитгэлтэй хамт шилжүүлэх учиртай. Тухайлбал, 2027 оны төсөвт Багахангай дүүргийг алслагдсан, хүн ам цөөн, орлого багатай гэх мэт шалтгаанаар зарим төслийг хэрэгжүүлэхгүйгээр хасаж байна. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авах шаардлагатай.
-Хувийн хэвшилтэй хамтрах, бусад эх үүсвэрээс хөрөнгө татах бодлого бизнесийг дэмжиж чадах болов уу?
-Хувийн хэвшлийг хотын хөгжилд оролцуулах нь зөв бодлого гэж боддог. Хотын бүх асуудлыг төсвийн мөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс хувийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс, хамтарсан санхүүжилтийн боломжийг ашиглах шаардлагатай. Гэхдээ хувийн хэвшилтэй хамтрах, хувийн хэвшилд төсвийн эрсдэлийг шилжүүлэх хоёр тусдаа асуудал. Сүүлийн үеийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг харахад аж ахуйн нэгжүүдэд ашиг өгөх нэрээр эргээд эрсдэлийг нь нийслэлийн төсөвт үлдээж байна. Мэдээж эрсдэл бий. Тендерийн ашиг сонирхлын зөрчил, төсвөөс гадуурх өр төлбөр, өрсөлдөөнгүй сонгон шалгаруулалт зэрэг нь нийтийн өмчийг цөөн компанийн ашиг сонирхолд үйлчлэх хэрэгсэл болгож байна гэж хардаж буйгаа нуухгүй. Тиймээс бизнес эрхлэгчдэд урьдчилан таамаглах боломжтой хууль, эрх зүйн орчин, тогтвортой бодлого, шударга өрсөлдөөн, чанартай дэд бүтэц бий болгох нь чухал. Түүнчлэн төсөл бүрийн эдийн засгийн үндэслэлийг олон нийтэд нээлттэй хүргэж, төрөөс хүлээх санхүүгийн баталгааг урьдчилан тооцон, хэрэгжилт, ашиглалтын үр дүнг тайлагнаж байж жинхэнэ утгаараа төр, хувийн хэвшлийн түншлэл болно.
-АН-ын бүлгээс 2027 оны төсөвт ямар өөрчлөлт оруулах санал тавьсан бэ. Цөөнхийн саналыг тусгах боломж хэр байх юм.
-Сөрөг хүчин байна гэдэг нь бүх шийдвэрийг эсэргүүцэх, төсвийг батлуулахгүй гэсэн үг биш ээ. Харин олонхын гаргаж буй шийдвэрийг мэргэжлийн түвшинд хянах, алдаа дутагдлыг илрүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бодлогын өөр хувилбар санал болгох үүрэгтэй гэж хардаг.
2027 оны төсөвт нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын эрэмбийг өөрчлөх, хоёрдугаарт, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, гуравдугаарт, өрийн удирдлагыг ил тод болгох, дөрөвдүгээрт, дүүргүүдийн төсвийн тэгш байдлыг хангах, тавдугаарт, үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Цөөнхийн саналыг хэрхэн тусгах нь олонхоос хамаарах ч энэ нь төсөвт хяналт тавих, бодлогын өөр хувилбар санал болгох бидний үүргийг бууруулахгүй.
-Тэгвэл ирэх онд нийслэлийн иргэд өдөр тутмын амьдралдаа ямар бодит өөрчлөлт мэдрэх боломжтой вэ?
-Төсөв батлагдлаа гээд иргэдийн амьдрал шууд өөрчлөгдөхгүй. Эрх баригчид замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгаж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэн, боловсрол, эрүүл мэндийн салбарыг богино хугацаанд сайжруулж, төрийн үйлчилгээг ахисан шатанд гаргана гэж төсөөлж байгаа бололтой. Хэрхэн хэрэгжихийг нь харцгаая. Гэхдээ бодит байдалд энэ бүхэн боломжгүй л дээ. Иргэдэд цаасан дээр баталсан төсөв бус, түүнийг хэрэгжүүлсний дараах бодит өөрчлөлт л чухал шүү дээ.