ОХУ-ын холимог тулааны ертөнцийн хамгийн нэр хүндтэй менежерүүдийн нэг бол “ММА” менежментийн агентлагийг үүсгэн байгуулагч Виталий Тарасов юм. “Чемпионат” вэбсайтад түүний өгсөн ярилцлагаас уг спортын ертөнцөд дуулиан дэгдээсэн нэгэн явдлын талаарх хариултыг нь сонирхуулж байна.
-Сүүлийн үеийн хамгийн дуулиант сэдэв бол У.Нурмагомедов, М.Двалишвили нарын зодоон байлаа. Үүнийг хараад танд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ. Менежер хүн ийм асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Үнэнийг хэлэхэд, тун гайхалтай контент байна гэж бодсон. Бид өөрсдийн мэдээллийн сувгуудтай учраас уг явдлыг ашиглан хандалтаа өсгөсөн. Гэхдээ ёс суртахуун, ёс зүйн үүднээс энэ бол буруу зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэлээ ч биднийг олонд таниулж, уламжлалт хүрээллээс маань гаргадаг зүйлс дандаа л ийм байдаг.
Шон Стриклэнд, Хамзат Чимаев хоёрын зөрчлийг бодоод үзье. Түүний дараа хүн бүрд нэг л таагүй мэдрэмж үлдсэн. Яагаад гэвэл тулаан дуусмагц дуэль нь ч дуусчихсан мэт санагдаж билээ. Харин Хабиб, Конор хоёрын зөрчлийг яагаад түүхэн дэх хамгийн том сөргөлдөөний нэг гэж үздэг вэ? Учир нь тэдний сөргөлдөөн жинхэнэ байсан.
Энэхүү зодоон Усман, Умар хоёрын замналд, Эмиратад тулалдаж чадах, эсэхэд нь, магадгүй өөр зүйлсэд ч нөлөөлж мэднэ. Гэхдээ Мерабын найзыг хүртэл хүмүүс урьд урьдынхаас илүү мэддэг болсон тул тэд үүнээс ямар нэг дам ашиг тус хүртэх нь гарцаагүй.
Үүнийг яаж зохицуулах ёстой вэ гэж үү? Миний ойлгосноор ямар ч тохиолдолд цагдаа, консулын газартай асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Мераб болон түүний багийнхантай заавал холбогдож, гомдол гаргахгүй, ял тулгахыг шаардахгүй байхаар тохиролцох хэрэгтэй байлаа. Тэд ч тэгсэн. Миний ойлгосноор хэрэв нөгөө тал нь гомдол гаргасан бол шүүх ажиллагаа үргэлжлэх байсан.
Сэтгүүлчид ч үүнд өртсөнийг мэдэж байна. Ажлаа хийж яваад ийм байдалд орсон нь үнэхээр харамсалтай.
-Тэднийг ийм хурдан суллагдсанд нь гайхсан уу?
-Үнэнийг хэлэхэд, тийм. Хабибын асуудлыг ийм хурдан шийдчихнэ гэж бодоогүй. Нэлээд сунжрах байх гэж бодсон юм. Тэр үед Эмиратад Орос, АНУ, Украины дээд хэмжээний уулзалт болж байсан бөгөөд олны анхаарал тулаанчид руу хандсанд эрх баригчид маш их дургүйцсэн гэж бодож байна. Тиймээс үүнээс ч хүнд үр дагавар гарч магадгүй гэж бодсон. Асуудлыг шийдэж чадсан ч багагүй хэмжээний торгууль төлсөн байх.
-Ийм явдал бизнест нь, байгууллагад нь хэрэггүй гэж UFC-ийн тэргүүн Д.Уайт байнга хэлдэг. Харин хөгжөөн дэмжигчид ихэвчлэн эсрэгээр нь боддог. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа бол?
-Хэрэв ийм зүйл байнга давтагддаг болбол мэдээж асар том сөрөг нөлөөтэй. Д.Уайт тэгж хэлдэг ч ийм явдал болоход тэд ил дэмждэггүй хэрнээ цаагуураа ашигладаг байж болох юм шиг санагддаг. Жишээлбэл, Конор автобус руу сандал шидсэн явдлыг тэд сурталчилгаандаа ашигласан шүү дээ. Тиймээс Д.Уайтын байр суурь нь бага зэрэг хоёрдмол юм уу даа гэж бодогдохоор. Дана олны өмнө үүнээс өөр зүйл ярьж чадахгүй. Гэхдээ ийм зүйл боллоо гээд тэд үнэхээр их уурладаг гэж бодохгүй байна.
Мэдээж ийм явдал байнга гараад байж болохгүйг ойлгох хэрэгтэй. Оросын холимог тулааны ертөнцөд ч ийм зөрчлийг дэвэргэсээр байгаад хүн бүр залхаж, бүр дургүйцэх болсон шүү дээ. Харин тамирчдын хоорондох жинхэнэ зөрчил ховор бөгөөд тухайн спорт, тэмцээнд хүмүүсийн анхаарлыг яахын аргагүй татдаг. Гэхдээ хамгийн гол нь хэтрүүлж, ёроолгүй ангал руу гулсаж болохгүй.
Өөр нэг сөрөг тал бий. Ийм явдлаас болж хүмүүс тулааны спортыг зохисгүй, бүдүүлэг үзэгдэл мэтээр хүлээж авч эхэлдэг. Тиймээс тулааны спортод ийм таагүй дүр төрх байнга наалдаад үлдчихвэл аюултай. Харин одоогийнх шиг түүхтэй, яагаад ийм байдалд хүрснийг тайлбарлах үндэслэлтэй тохиолдол бол тийм ч ноцтой үр дагавар гарахгүй болов уу.
-Та Усманы замналд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэллээ. Энэ бүхэн түүний UFC-тэй гэрээ байгуулах боломжид нөлөөлөх үү?
-Тухайн бүс нутагт тулалдахыг нь хориглож болно. Бас Америкт нэвтрэх эрхгүй болж мэднэ. UFC-ийн тухайд хэлж мэдэхгүй юм. Учир нь үүнийг тэд нэг төрлийн сурталчилгаа гэж бодсоор байгаа болов уу. Усман PFL-тэй ямар тохиролцоотойг би мэдэхгүй. Цаашид яах талаар PFL-ийн эцсийн шийдвэр гараагүй.