Швейцарын Женев хотод шатрын дэлхийн аваргын аваргын төлөөх халз тоглолт өчигдөр эхэллээ. Дэлхийн 18 дахь аварга, Энэтхэгийн Доммаражу Гукештэй Узбекистаны Жавохир Синдаров халз тулж байна.
Халз тоглолтын ялагчийн тал дээр мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа аж. Сүүлийн үеийн амжилтаас нь харахад дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж, М.Карлсен, Ф.Каруана, Х.Накамура гэсэн “их гурвал”-ын араас тун ойрхон нэхэж буй Ж.Синдаров илт давуу байна. Олонх хүн түүний ялах магадлалыг 55 хувь гэж үзэж байгаа бол зарим нь бүр 70 гэж тооцжээ. М.Карлсений бүтэлгүйтэл, дуулиан шуугианыг бодолцвол Ж.Синдаровыг дэлхийн шатрын шинэ залуу аварга болоход үнэхээр гайхах зүйлгүй билээ. Харин Жавохир өөрөө үүнд тун болгоомжтой хандаж, давуу талаа ердөө 51:49 гэж үнэлсэн байна.
Үүний зэрэгцээ шатрын мэргэжилтнүүд Д.Гукешийн давуу талуудыг онцолсон. Тэрбээр чансааны 2700 онооны босгон дээр арайхийн тогтож, ФИДЕ-гийн чансааны 30 хавьцаа бичигдэж байгаа ч дэлхийн титмийн төлөө өрсөлдсөн туршлагаар Узбек залуугаас илүү төдийгүй сэтгэл зүй сайтай, дасгалжуулагчдын сайн багтай юм. Энэтхэг улс Узбекистанаас хавьгүй дээгүүр түвшний шатрын боловсон хүчний нөөц, суурьтай гэдгийг мартаж болохгүй.
Хоёр өрсөлдөгч хоёулаа тун залуу, дөнгөж 20 настай. Тодруулбал, Ж.Синдаров арванхоёрдугаар сарын 8-нд буюу халз тоглолтын үеэр 21 нас хүрнэ. Мэдээж хоёулаа тоглолтын чанараа ахиулж, гэнэтийн бэлэг барих боломжтой. Гагцхүү хэн нь тэгж чадах бол.
Ж.СИНДАРОВЫН ОНЦЛОГ
Давуу тал: Гарааны олон янзын хувилбартай, довтолгоонд шийдэмгий, хөлөг дээрх эмх замбараагүй байдлыг удирдах чадвартай.
Сул тал: Өрнөл удаан, хаалттай байрлалд тааруу тоглодог, довтлох болон байрлалыг хүндрүүлэхдээ хэт эрсдэл гаргадаг.
Ж.Синдаров бол санаачилгыг гартаа авахдаа гарамгай, шатрын хөлөг дээр ёстой л гал дүрэлзүүлдэг тоглогч. Эсрэг талын ноён түүний довтолгооны бай болчихвол өрсөлдөгч нь дууслаа гэсэн үг. Нэр дэвшигчдийн тэмцээнд сонгодог хэв маягтай шатарчид түүнийг бут ниргэхээр оролдсон ч тэрбээр тэднийг ээлж дараалан сөхрүүлсэн. АНУ-д оролцсон сүүлчийн тэмцээндээ ч Х.Накамура, Ф.Каруана нартай тоглохдоо хөлөг дээр эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар хүчирхэг шатарчид түүний довтолгоонд бууж өгөхөөс аргагүйд хүрсэн удаатай.
Д.ГУКЕШИЙН ОНЦЛОГ
Давуу тал: Аваргын төлөө халз тоглож байсан туршлага, эцсээ хүртэл тэвчиж, өрсөлдөгчөө туйлдуулан, чулуунаас ч ус шахан гаргах мэт өчүүхэн боломжийг ашиглах чадвар.
Сул тал: Төгсгөл сул, байрлалыг хэт хүндрүүлэхийг оролддог.
Энэтхэгийн их мастер 2024 оны шатрын олимпиад болон өмнөх мөчлөгийн Нэр дэвшигчдийн тэмцээнд гялалзсан. Түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга тэрбээр шатрын хөлгийн ард 100 нүүдлийн турш тэмцэж, өчүүхэн төдий боломжийг ч ашиглахад бэлэн, нугаршгүй хүсэл зоригтой билээ. Үүнийг Энэтхэг-Хятадын багуудын тоглолтын дараа туйлдаж гүйцсэн Вэй И батлах биз. Д.Гукеш Нэр дэвшигчдийн тэмцээнд ч яг ийм аргаар Ф.Каруана, Я.Непомнящий нарыг ардаа орхисон юм.