Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит бус сонгуулийн бэлтгэл ажил эхэлжээ. Намууд дотоод сунгаагаа зарлаж, мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, штабуудаа байгуулж буй. Түүхэнд анх удаа Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн тул ээлжит сонгууль ийнхүү гурван сараар наашилж байна. Үүнтэй зэрэгцээд ажлаа өгөх бүрдээ илүү өндөр албан тушаалаар эргэн ирдэг У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл хэрхэн өрнөх бол. Төрийн тэргүүний үүргийг орлож буй УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын даргын хувиар баталсан хуульдаа хориг тавих эрхтэй юү гэх мэт олон асуулт үлдэв.
Мөн Ерөнхийлөгч байсан хүмүүс улс төрийн албан тушаал дахин хаших эрх, замыг хаах саналыг сөрөг хүчнийхэн дэвшүүлсэн. Гишүүн Х.Тэмүүжин жил гаруйн өмнө Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, parliament.mn сайтаар санал авч буй аж. Одоо эл төслийг яаралтай өргөн барих хэрэгцээ үүссэнийг АН-ынхан онцолж байна. Харин УИХ-ын дарга нь хүлээж авахгүй байгаа сурагтай.
“МАНГАС” БҮТЭЭСЭН ЗАМНАЛ
Манай улс 36 жилийн түүхэндээ найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, зургаан хүнийг сонгожээ. Тэднээс анхны Төрийн тэргүүн П.Очирбат “Энержи ресурс”, “Mongolian mining corporation”, удаах Ерөнхийлөгч Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д ажиллаж байсан юм. Хамгийн “даруухан” нь л эд. Улмаар Н.Энхбаярын үеэс Төрийн тэргүүн “хаан” болдог тогтолцоо эхэлсэн гэж болно. Төрийн тэргүүн нам бус байх хуулийн заалтыг бодит байдалд зөрчиж үзүүлсэн хүн нь ч тэр. Нам доторх нөлөөгөө нэмж, хууль, шүүхийн байгууллагыг хяналтдаа авах дарангуйллын тогтолцоогоо угсарч эхэлсэн аж. Тиймээс ч “авлигын загалмайлсан эцэг” хэмээх хочийг түүнд өгч, улмаар 2012 онд шүүхээс ял оноож байлаа. Угсарсан дарангуйллын тогтолцоо, эрх мэдлээ алдахыг тэр хүсээгүй учраас МАН-ынхан нэрнээсээ Х үсгийг хасах үед МАХН гэсэн товчлолыг авахын төлөө бужигнаан үүсгэсэн юм. Нөгөөдүүл нь товчилсон нэрээ түүхтэйгээ хамт алдчихгүйн тулд МАХН гэж бичиж болох бүх нэрийг өмчлөхөөр оролдсон. Гэхдээ Н.Энхбаяр ялж, МАХН-ын дарга болон өрх тусгаарлаж байлаа. Ингэж эрх баригч нам анхны талцлаа үзсэн юм. Тэрбээр улс төрд эргэн ирэх гэж олон янзаар оролдсон. Эдүгээ тэрбээр Хархорум хотын зөвлөлийн дарга хэмээх албан тушаал хашиж буй. Мөн хүүгээ улс төрд зүтгүүлээд явж буй юм.
Түүний дараа сонгогдож, хоёр улирсан Ц.Элбэгдорж ч шүүх тогтолцоог өөрийнхөөрөө шинэчилж, шинэ шүүгчид томилон “шударга бусын хонгил” угсарсан хэмээн өдгөө ч буруудсаар яваа. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын гишүүн болоод эргэж ирсэн. Тэрбээр Төрийн тэргүүн байхдаа өмнөх хүнийхээ бий болгосон “хонгил”-ыг нураах нэрээр өөрийн дарангуйллын шинэ хувилбарыг бүтээсэн. АН-ын түүхэн дэх ноцтой талцлын ард ч энэ хүн байсан гэдэг. Эдүгээ энэ намыг “хөшигний араас” удирдаж, МАН дотор ч нөлөөгөө хадгалж буй нэгэн.
У.Хүрэлсүх мөн өөрийн замнал, түүхээ бүтээсэн. Төрийн тэргүүн нь Засгийн газар, УИХ-аа “базаж”, их улс төрийг чиглүүлдэг болсон нь нууц биш. Өмнөх Ерөнхийлөгч нарын бий болгосон тогтолцоог л тэр илүү тооцоотой ашиглажээ.
Ерөнхийлөгчөөр ажилласан дээрх зургаан хүнээс Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайд байсан. Мөн Н.Багабанди, Н.Энхбаяр нар УИХ-ын даргаар ажилласан юм. Тэдний угсарч, өөр өөрийнхөөрөө “хөгжүүлсэн” тогтолцоо ийнхүү Ерөнхийлөгч хэмээх “мангас”, “хаан”-ыг бүтээжээ. Мөн “Ерөнхийлөгчтэй намын зовлон” гэдэг ойлголт бий. Эхлэл хэсэгтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй, нэг баг байна. Гэвч эцэст нь талцана. Н.Багабанди Ерөнхийлөгч байхаас уг асуудал эхэлсэн гэхэд болно. Хамгийн сүүлийн жишээ бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын “нөхөрлөлийн түүх”. Энэ талаар гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийн хуваарилалтаар хууль, шүүхийн байгууллага Төрийн тэргүүнд ногддог. Тиймээс л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зодоон үргэлж Төрийн тэргүүний ялалтаар төгсөж байна. Түүний угсарсан хонгилоор Ерөнхий сайд байсан хүмүүс нь чирэгддэг” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгч бүхнийг “хөшигний ард” удирдаад, шийдээд, дарамтлаад эхлэхээр Засгийн газрын тэргүүн “өргөмөл хүү” нь байсан ч сөрж эхэлдэг бололтой юм. Тэр бүрэн эрхээ дуусгасан бол Н.Учрал ч “аав”-тайгаа сөргөлдөх шинж харагдаж эхэлсэн байлаа.
Гэхдээ Ерөнхийлөгч Төрийн тэргүүнээс буухын өмнөх хагас жилд хүч нь суларч, “зодуулж” байсан Ерөнхий сайд нь эргээд дайрч эхэлдэг зүй тогтол бийг Х.Тэмүүжин гишүүн бас сануулжээ. АН-ын дарга О.Цогтгэрэл “Төрийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг болсон. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дарангуйлагч, буусныхаа маргааш авлигач, хулгайч болдог жишиг сүүлийн хэдэн Ерөнхийлөгч дээр тогтлоо” хэмээсэн. Ц.Элбэгдорж бууснаасаа хойш өнөөдрийг хүртэл буруу бүхний эзнээр тодорсоор буй. У.Хүрэлсүхийг ч ийм тавилан хүлээж байсан. Тиймээс тэрбээр хугацаанаасаа өмнө бууж, өөртөө оноо аваад, оноолт тавилангаас зугтан, эргэн ирэх замаа төлөвлөсөн байх нь.
ЗУРГААН ЖИЛИЙН ХЯЗГААРЛАЛТ
Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин гишүүний санаачилсан төслийн 24 дүгээр зүйлд Төрийн тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа ямар хязгаарлалт тавихыг тусгасан юм. 24.2-т “Бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс хойш зургаан жилийн дараа Ерөнхийлөгч байсан иргэн өмнө харьялагдаж асан улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээж болох бөгөөд энэ нь бэлгэдлийн шинжтэй байна” гэжээ. Нэгэн бүрэн эрхийн хугацаагаар тооцож ийм хязгаарлалт хийсэн аж. Мөн 24.3-т “Ерөнхийлөгч байсан иргэн Үндсэн хуульд үнэнч байх үүргээс чөлөөлөгдөхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдэл, Үндсэн хууль, ардчилал, иргэний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжихээс бусад зорилгоор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах, улс төрийн нам байгуулах, Монгол Улсын дотоодод аливаа сонгуульд нэр дэвшихийг хориглоно” гэжээ. Үүнээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай компанийг удирдах, гүйцэтгэх албан тушаал хаших, зөвлөх хийж болохгүй хэмээн зохицуулсан байна. Төрийн хамаг гол нууцыг мэдэж байсан хүн учраас Монгол Улсын харьяатаас гарч, өөр улсын иргэн болохыг ч хоригложээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд дээрхийн адил хязгаарлалт үгүй. Тиймээс л монгол төрийн хамгийн өндөр албан тушаалыг хашсан атлаа ханахгүй, бүхнийг дахин эхлэх, үргэлжлүүлэх оролдлого хийсээр, зарим нь амжилтад хүрч, намаа “самарч”, төрийг туйлдуулсаар байгаа юм. Үүний талаар төсөл санаачлагч гишүүн “Энэ бүхнийг зогсоох ганц арга бол Ерөнхийлөгчийн албан тушаалыг “тэхийн зогсоол” болгох явдал. Уг албан тушаалыг хашсан хүн дахин улс төрийнхийг хаших ёсгүй. Ард түмний эв нэгдлийг хангах үүргээ насан туршдаа биелүүлнэ. Тэгж байж эл албан тушаал үнэ цэнтэй болно” гэжээ. Уг төслөө тэрбээр 2025 оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын албан ёсны сайтад байрлуулсан юм билээ. Үүнийг “амь оруулж” өргөн барих хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод өгчихсөн байгаа ч өнөөх нь цаг товлож “амжихгүй” яваа гэнэ.
БАТАЛСАН ХУУЛЬДАА ӨӨРӨӨ ХОРИГ ТАВИХ УУ
Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд мөн Төрийн тэргүүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх үед хэрхэх тухай зохицуулалтыг оруулжээ. Өнгөрсөн хавар сөрөг хүчнийхэн “Нэг намын дарга нь парламентын спикер байх нь зарчимд нийцэхгүй” гэсэн акц өрнүүлж, Н.Учралыг чөлөөлж байсан. АН-ын дарга О.Цогтгэрэл үүнийгээ “Асуудлыг урьдчилж харсан, маш зөв шаардлага, зарчим байсан” хэмээн үзэж байна. Ерөнхийлөгчийг орлох эрхтэй хүн нь УИХ-ын дарга. Төрийн тэргүүн нам бус, гэтэл УИХ-ын дарга С.Бямбацогт бол МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Ард түмний эв нэгдэл илэрхийлэгчийн суудалд нэг намын удирдах байгууллагын гишүүн суух нь хэр зохимжтой вэ. Тиймээс л сөрөг хүчнийхэн “УИХ-ын дарга ч бас нам бус байх ёстой” гэдэг шаардлага тавьж байснаа эргэн сануулна лээ.
Төсөлд “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа энэ хуулийн 10.7-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй” хэмээн тусгажээ. Тэр нь УИХ-ыг тараах эрх мэдэл юм. Үүнээс гадна УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болох уу гэдэг асуулт үүсээд байна. Мөн ҮАБЗ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг атал одоо нэг хүн нь хоёр саналын эрхтэй болчихлоо. Энэ мэт асуудлыг зохицуулах нарийвчилсан журам батлах ёстой хэмээн сөрөг хүчнийхэн үзэж буй.
Улс төрд таашгүй нүүдэл хийж болдгийг У.Хүрэлсүх харууллаа. Манай улсад өмнө нь тохиолдоогүй, тиймээс зохицуулалт үгүй нөхцөл үүсээд байгаа юм. Хэдий тийм ч АН-ынхан, ялангуяа хуульч Х.Тэмүүжин гишүүн асуудлыг урьдчилан харж төсөл боловсруулсан байж. Одоо үүнийгээ УИХ-д өргөн барьж, ажил хэрэг болгож чадах уу гэсэн асуулт тулгарна. Бас У.Хүрэлсүхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх “угтал улс төр”-ийг АН хийсэн. Тиймээс “Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш зургаан жилийн турш улс төрийн албан тушаал хашихыг хориглох ёстой” гэсэн үг нь үнэндээ итгэл үнэмшил муутай сонсогдоод байна. Нөгөө талаар У.Хүрэлсүх уг хуулийн төслийг батлуулахгүй байхын тулд чадах бүхнээ хийнэ. Эсвэл эргэн ирэх гарцыг нь хаахаас өрсөж ажиллах биз ээ.
Гэхдээ сөрөг хүчнийхэн МАН доторх “30-ийн бүлэг”-ийн “туслах” хийдгийг санах хэрэгтэй. Огцорсон, гомдсон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багийнхаа хамт сөрөг хүчний санаачилсан У.Хүрэлсүхийн замыг хаах хуулийг дэмжих нэг хувилбар бийг мартаж болохгүй.