
Нью-Йорк мужийн Бруклины холбооны шүүх Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компанийг худалдааны нууцыг хулгайлах хуйвалдаан хийсэн хэрэгт буруутай гэж үзэв.
Huawei эл ял зэмийг няцааж, ямар ч үндэслэлгүй гэж мэдэгджээ.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын засгийн газар болон утасгүй холбооны сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компанийн хооронд найман жил үргэлжилсэн хуулийн тэмцлийн үр дүн юм.
Тангарагтны шүүх Huawei-г банкны залилан, АНУ-ын тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн, худалдааны нууцыг хулгайлах хуйвалдаан хийсэн зэрэг тулгаж буй 12 гэмт хэргээс 10-т нь буруутай гэж үзсэн байна.
Хоёр сар үргэлжилсэн шүүх хурлын үеэр прокурорын тал 60 гаруй гэрчийг, өмгөөлөгч тал 15 гэрчийг дууджээ. Яллагч тал Хятадын технологийн аварга компанийг өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд хууран мэхлэлт, хулгай хийсэн хэмээн үзсээр ирсэн. Тодруулбал, Иран дахь үйл ажиллагааны талаар банкнуудыг төөрөгдүүлсэн, ажилчдаа Америкийн болон бусад компаниудаас оюуны өмчийг хулгайлахад уриалсан, тэр дундаа T-Mobile, Cisco болон бусад компаниудаас худалдааны нууцыг хулгайлсан хэмээн буруутгажээ.
Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал дээр болсон эцсийн мэтгэлцээний үеэр АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш " Huawei болон түүний гурван охин компани хэдэн арван жилийн турш АНУ-д худал хуурмаг, хулгайн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Холбооны мөрдөх товчоо болон манай холбооны прокуроруудын явуулсан ажлын ачаар энэхүү гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хариуцлага хүлээх болно" гэж хэлсэн байна.
Huawei компанийн өмгөөллийн тал АНУ-ын прокурорын газар анхнаасаа тус компанийг гэмт хэргийн байгууллага гэж үзээд зогсохгүй, энэ нь улс төрийн зорилготой бөгөөд дэлхий даяар 5G сүлжээ байгуулах Хятадын санаачилгын төлөө хийж буй өшөө авалт гэж үзэж байна.
АНУ-ын шүүхийн яллах дүгнэлтийг "үндэслэлгүй", энэ талаар хууль эрх зүйн арга хэмжээ авна гэж Huawei мэдэгджээ
2027 оны 9-р сарын 14-нд АНУ-ын дүүргийн шүүх тус компанид ял оноох бөгөөд чухам ямар шийтгэл Huawei хүлээх нь тодорхойгүй байна.