Ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг номтой, унших орчинтой болгож, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх болсноо Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээллээ. Үүний зэрэгцээ казах, тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэн боловсруулж, хязгаар нутгуудад хүргэхээр болжээ. Энэ талаараа тэрбээр “Хүүхэд, залуучуудын унших дадлыг төлөвшүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, насан туршийн суралцахуйн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудыг түшиглэн унших орчныг бүрдүүлэх юм. Мөн бүх хичээлээр дамжуулан уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх арга зүйг багш нарт эзэмшүүлж, тэдний мэргэжлийн хөгжлийн онцлог, тогтолцоог шинэчилнэ” гэв.
Түүнчлэн элсэлтийн шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрсөн SAT үнэлгээний зарчимд ойртуулж, суралцагчийн уншаад ойлгох, мэдлэгээ бусад шинжлэх ухаанд ашиглах чадварыг үнэлдэг тогтолцоонд шилжүүлэхээр бэлтгэл хангаж буйгаа хэлсэн. Монгол хэлний боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Хэлний бодлогын үндэсний зөвлөл, их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, технологийн компаниуд, судлаачид, багш нар, зохиолчид, хэвлэн нийтлэгчидтэй хамтран ажиллах аж.
О.Ундрах