Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Нээлттэй яам-мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаарааа сүүлийн үед боловруулж буй хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хурлын эхэнд дурдав. О.Алтангэрэл тэргүүтэй АН-ын гишүүд хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийг боловсруулж, зургаан сарын өмнө парламентад өргөн барьсан ч эрх баригчид зориуд хэлэлцүүлэхгүй удааж, төслийнх нь агуулга, үзэл баримтлалыг хуулбарлан шинэ хууль боловсруулж буй талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тэгвэл О.Алтангэрэл тэргүүтэй гишүүдийн санаачилсан хуулийн төсөл Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй, хүний эрхийн шаардлага хангаагүй гэдгийг салбарын сайд нь онцоллоо. Тиймээс шинэчлэн боловсруулжээ. Төсөлд тусгасан онцлох, гол заалтуудын нэг нь хууль бусаар өмчилж, эзэмшсэн нь тогтоогдсон хөрөнгийг улсад хурааж, нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлуудад зарцуулах зохицуулалт гэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Бид өмнөх мэдээллийн цагаар хуулийн 10 төсөл танилцуулсан. Тэдгээрээс орон сууцын залилантай холбоотой, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байна. Үүнийг энэ долоо хоногоос УИХ-аар хэлэлцэнэ. Ирэх сард багтаан баталж чадвал төрд байгаа мэдээллийг ил тод, нээлттэй болгож, иргэдийг орон сууцын залиланд өртөх эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Гэрч, хохирогчийг болон Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах ажил хяналтын шатанд яваа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж, арванхоёрдугаар сард багтаан батлах хүлээлттэй буй. УИХ-аас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Иргэний эрхийг баталгаажуулж, хамгаалах чиглэлээр шинэчлэн боловсруулж, нэмэлт, өөрчлөлт оруулсан долоон хуулиас тавыг нь УИХ-д өргөн барьсан. Эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах бодлогын хүрээнд боловсруулж буй дөрвөн хуулийн төслийн явц 50 хувьтай байгаа. Үүнээс хоёрыг нь маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүний нэг нь Хууль бус хөрөнгийг хураан авах тухай, нөгөөх нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэсэн юм.
Ж.Сувд