Эрчим хүчний яамныхан Кувейтийн сангийн инженерийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Мохаммэд Садэөй болон албаны зарим хүнтэй уулзжээ. Үүгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын нутаг дахь “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Усан цахилгаан станц нь таван МВт-ын хоёр, 20 МВт-ын нэг, нийт гурван турбинтэй байх аж. Төслийг хэрэгжүүлснээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн төв болон сумуудын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн эрчим хүчний систем дэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өсгөх, оргил ачаалал болон ослын үед горим тохируулах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах ач холбогдолтой аж. Тэгвэл Кувейтийн сангаас тус төслийг санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийлж, 15 сая кувейт динар буюу 48.1 сая ам.долларын зээл санал болгожээ. Уг зээл нь захиргааны хураамжийг нэмбэл жилийн гурван хувийн хүүтэй, эхний зургаан жил нь хөнгөлөлттэй юм байна. Түүнчлэн 20 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй гэнэ.