Дорнод аймгийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн болон суурь өвчтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байгаа аж. Уг кампанит ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тав дахь жилдээ өрнүүлж буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 2000 орчим хүүхдийг сувилалд хамруулжээ. Тэгвэл өнөө зун аймгийн төвийн зорилтот бүлгийн 90, 13 сумын 300 хүүхдийг орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн асарч сувилж байгааг албаныхан хэллээ. Сувилалд өрх, сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр жингийн алдагдал, цус багадалт, хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа болон суурь өвчтэй, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг хамруулдаг аж. Тэднийг зуны дэлгэр цагт нар, ус, агаар, эрүүл, зөв хооллолтоор чийрэгжүүлэн, эмчилгээ хийж, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэн, зөвлөгөө өгдөг байна. Уг ажлын үр дүнд хүүхдүүдийн дархлаа сайжирч, бие бялдар нь чийрэгжин, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эерэг нөлөөтэй гэв.
М.Гэгээ