УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг баталсан билээ. Уг тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбээр нэгдүгээрт, тус аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хориг тавьсан аж.
Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор УИХ-ын 46, 47 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотод тусгасан байна. Учир нь эдгээр тогтоолын хүрээнд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагт өөрчлөлт оруулсан тул үүнийг “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, тус аяныг хэрэгжүүлэх тогтоол нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл бүрдүүлсэн гэв.
Түүнчлэн дээрх албан тоотод “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ойн болон усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй” хэмээсэн байна.
М.Гэгээ