Монголын мянганы сорилтын сангийнхан “Шүүн тунгаая” нийгмийн нөлөөллийн аян өрнүүлж, Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг хаягдал усаа урьдчилан цэвэрлэхийг уриалсаар байна. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай буюу их хэмжээний бохирдолтой ус ялгаруулдаг 60 үйлдвэр нийслэлд бий гэнэ. Үүний 31 нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, 14 нь гурил, нарийн боовны, ес нь согтууруулах ундаа болон ус, ундааны, зургаа нь сүү, сүүн бүтээгдэхүүнийх аж. Эдгээрээс биологийн урьдчилсан цэвэрлэгээ хийх шаардлагатай томоохон үйлдвэр найм бий. Тэдгээр нь нийт хаягдлын 75 хувийг бүрдүүлдэг юм байна.
Төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч буй нийт бохирдлын 33.3 хувийг үйлдвэрийн хаягдал ус эзэлдэг. Цаашид цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулж, ундны болон хаягдал усны стандартыг мөрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахын тулд үйлдвэр, үйлчилгээнээс гарч буй бохирдлыг бууруулахад анхаарах шаардлагатай гэж дээрх сангийнхан үзэж байна. Одоогоор гурван үйлдвэр хаягдал усаа урьдчилан цэвэрлэх уриалгад нэгдэж, бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулаад байгаа аж.
Ж.Сувд