Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсныхоо дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амьдарч буй гэх. Ямартай ч үүнээс хойш тэрбээр чуулганы хуралдаандаа суусангүй, ард түмнийг төлөөлөх гишүүний үндсэн ажлаа хийсэнгүй. Тэр зуурт АТГ түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэрийг шалгав. Эцгийнх нь биш шүү. Уг нь Л.Оюун-Эрдэнийн жилийн орлогоос давсан мөнгийг хүү нь нэг өдөрт найз бүсгүйдээ зарцуулсан, үүний эх үүсвэр авлигынх мөн үү, үгүй юү гэдгийг л шалгахыг олон нийт шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асны хөрөнгө, орлогыг хамтад нь шалгаач гэсэн.
Гэтэл АТГ хугацаа сунгаж, хоёр сарын турш ажилласны эцэст “Иргэн О.Тэмүүлэн нь хөрөнгө, орлогоо мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Гомдол, мэдээлэлд дурдагдсан түүний зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь хяналт шалгалтаар тогтоогдлоо” хэмээн дүгнэжээ. “Зохиол” ёсоор болсон гэсэн үг.
“ЗОХИОЛ”-ЫН ЭХНИЙ АНГИУД
Болж өнгөрсөн үйл явдлыг нэхэн сануулъя. Ерөнхий сайд асны 23 настай хүү Булган аймагт байх “Seven nuga” хэмээх тансаг зэрэглэлийн амралтын газрыг бүтэн өдрөөр түрээсэлж, нисдэг тэрэг хөлөглөн очиж, сүй тавих ёслол зохион байгуулсан юм. Найз бүсгүйдээ тэрбээр 20 сая төгрөгийн алмаасан шигтгээтэй бөгж бэлэглэж, 20 сая төгрөг бэлнээр шилжүүлэн эрхлүүлснийг өнөөх нь гайхуулж, нийгмийн сүлжээнд дэлгэснээр энэ бүхэн ил болсон билээ. Тэгмэгц гадаад улсад хэлний бэлтгэлд сурдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүү нь яаж эцгийнхээ жилийн орлого болох 243 сая төгрөгөөс давсан мөнгөөр тансаглав гэдгийг шалгаж, тогтоохыг иргэд хүссэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, ёс зүйн хариуцлага хүлээн огцрохыг шаардсан жагсаал эхэлсэн.
Шууд гарч ирээд тайлбар хийх зүрхгүй, иргэдтэйгээ хэзээ ч нүүр тулдаггүй цорын ганц Ерөнхий сайд бол тэр байсан. Үүний оронд жагсаалын эсрэг жагсаал хийж, хар пиараа эрчимжүүлэв. Гэвч олон нийтийг хуурч бараагүй. Тэгмэгц хүүгийнхээ тансагласан олон явдлаас заримыг нь эзэнтэй болгохоор зохиолын дараагийн ангийг “бичүүлсэн” юм. Сүйт бүсгүйн эцэг Ч.Өгөөдэйбаатар гэдэг хүн гарч ирээд “27 жил бизнес хийсэн, бусад аавын л адил охиноо эрхлүүлдэг” гээд, гүйлгээний утга дээр нь “Т” үсэг бичсэн байсан ч 20 сая төгрөг шилжүүлсэн “хэрэг”-ийг өөртөө хүлээлээ. Нэмээд тэрбум төгрөгийн машиныг ч авч өгсөн гэв. Харамсалтай нь, уг тайлбараас нь хэдхэн минутын дараа л түүний хоёр компани цаасан дээр л “оршдог”, бас мод, банз, төмөр утас зэрэг хэрэглэсэн материал зарах зар нийгмийн сүлжээгээр тавьдгийг олж илрүүлэх нь тэр. Иймэрхүү “бизнес” эрхэлдэг хүн тэрбум төгрөгийн машин охиндоо авч өгч арай л хүчрэхгүй баймаар.
Үнэмшилгүй ч хоёр асуудлыг “эзэнтэй” болгосны дараа огцруулах, орлого нотлохыг шаардсан жагсаал улам хүчээ авсан тул Л.Оюун-Эрдэнэ арга буюу тайлбар хийв. Хүү нь контент хийх сонирхолтой учраас “Херо энтертайнмент” компанитай хамтран ажилладаг, найз бүсгүйдээ бөгж өгсөн нь бол үнэн, бусдыг нь “мэдэхгүй” гэв. “Гэрэгэ” таурын 15 давхраас үргэлж л хүн итгэхэд хэцүү, дутуу дулимаг зохиол бичдэг хойно. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө гишүүдийг худалдаж авах гэж оролдсоныг Ч.Лодойсамбуугаас эхлээд мэдэгдэж байв. Чуулганы хуралдааны үеэр ч энэ бүхний үр дүн харагдсан. Гишүүдийн хэн нь ч Ерөнхий сайдын хүү ямар мөнгөөр тансаг амралтын газар түрээслэн, нисдэг тэрэг хөлөглөж, салют буудуулсныг хөндөөгүй. Гагцхүү асуудлыг жижгэрүүлж, “нэг муу цүнх, ганц бөгж” хэмээн хандуулах гэж оролдсон. Гэхдээ иргэдийн олонх нь хэрсүү болсныг тэд үргэлж мартдаг. АТГ одоо дээрх “жүжиг”-ийн дараагийн ангийг дэглэлцэж байна.
АТГ-ЫН ДАРГАД “ЭЗЭН”-ЭЭ ИЛЧЛЭХ ЧАДАЛ ҮГҮЙ
АТГ-ын дарга З.Дашдавааг энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн саналын дагуу улираан томилсон. Тиймээс түүний хүү ямар мөнгөөр тансагласныг тус газар илрүүлэхгүй гэж олон иргэн хардаж байлаа. Энэ сарын 23-нд АТГ-аас гаргасан мэдэгдэлд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-нд 150, гуравдугаар сарын 16-нд 80, дөрөвдүгээр сарын 5-нд 70, нийт 300 сая төгрөг шилжүүлсэн нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтаар нотлогдсон” гэжээ. Ийм хэдэн гүйлгээг шалгахын тулд хугацаа сунгаж, хоёр сар зарцуулсан нь итгэл үл төрүүлнэ. Мөн “Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийт 265.8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4.1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна. “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэжээ.
Уг дүгнэлтийг задалж үзье. “Иргэн О.Тэмүүлэн нь хөрөнгө, орлогоо мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш” гэж АТГ мэдэгджээ. Гэхдээ тэр бол улс төрийн нөлөө бүхий этгээдийн хүүхэд. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д “Улс төрийн нөлөө бүхий этгээд гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан албан тушаалтнуудыг ойлгоно” гэжээ. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтан багтаж буй юм. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээс гадна Ерөнхий сайдын “давхар дээл”-тэй байсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 201 дүгээр зүйлд улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд юуг хориглох, хязгаарлахыг зохицуулахдаа эхнэр, нөхөр, хамтран амьдрагч болон хүүхдүүдийнх нь хийж болохгүй бүхнийг тодорхойлсон юм. Үүнээс гадна ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын зөвлөмжийн 12, 22 дугаар зүйлд “Улс төрийн нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий хүн нь хянаж шалгах зайлшгүй шаардлагатай этгээд байна” хэмээн заасан байдаг аж. Энэ талаар судлаач Д.Тэгшбаяр “Эл шалгалтыг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 52 дугаар бүлэгт зааснаар хийнэ. Бид конвенцын гишүүн улс тул заавал мөрдөнө” гэжээ.
“Херо энтертайнмент групп” ХХК дөрвөн сарын дотор гурван удаагийн гүйлгээгээр О.Тэмүүлэнд 300 сая төгрөг шилжүүлсэн юм байна. Сонирхлоороо контент хийдэг ч тогтмол орлого байхгүй, гэнэт гэнэт л “цөм” олдог бололтой юм. Мөн энэ бүхэн нь дээрх шуугиан гарсантай холбоотойгоор “зохиосон” мэт байгаа нь анхаарал татна. Уг мөнгөөрөө Ерөнхий сайд асны хүү нэг өдөр шоудсан байна. Олон жил бизнес хийж буй, боломжийн гэж үнэлэгдэх орлоготой хүмүүс хүртэл 20 биш, хоёр сая төгрөгөөр бөгж авахдаа нэлээд бодож, тооцоолохоо бичжээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн хүү дөрвөн сарын орлогоо нэг өдөр үрэхдээ “өвдсөнгүй”. Уг нь энэ бол түүний эцэг, эхийн жилийн орлого болох 15 сая төгрөгийг 20 нугалсан их мөнгө. Одоо түүнийг орлогоосоо хуулийн дагуу хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, эсэхийг шалгах ёстой.
Мөнгө шилжүүлсэн дээрх компанийн орлогыг ч нарийн шалгах шаардлагатай. 2024 онд тус компани 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 4.1 тэрбумын татвар төлөхийн өмнөх ашигтай ажилласан ч 265.8 саяын татвар л төлжээ. Уг нь ийм хэмжээний орлоготой бол 400-650 саяын татвар төлөх боломжтой аж. Эндээс Ерөнхий сайд асан ахынхаа компанид татварын хөнгөлөлт, төсвөөс татаас олгодог байсан уу гэх хардлага үүснэ. Харин “Херо энтертайнмент”-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар ямар ч тендер авдаггүй гэдгээ хэлжээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш нэг нэвтрүүлгийг бүх телевизээр зэрэг цацдаг “тархи угаах” технологийг нутагшуулсан. С.Зоригийг алсан гэж гурван шатны шүүхээр тогтоосон хүмүүсийг 18 телевизээр зэрэг яриулснаас эхлээд өөрөө үргэлж урьдчилж бэлтгэсэн, найруулгатай нэвтрүүлэгт оролцож, түүнийгээ дээрх байдлаар цацдаг болсон билээ. Энэ бүхнийг ах Б.Баатар нь найруулдаг нь ч нууц биш. Тэгэхээр энэ “тендер” биш үү. Үүнээс эхлээд шалгах, нягтлах, хардах зүйл олон. Гэвч Ерөнхий сайд асны улираан томилуулсан АТГ-ын даргад “эзэн”-ийхээ булхайг дэлгэх хүсэл, чадал үгүйг гаргасан мэдэгдэл нь батлав.
Олон нийт энэ мэтээр илүү нарийн, бас хариуцлагатай ажиллахыг шаардаад эхэлмэгц АТГ-аас “Бид үргэлжлүүлэн шалгаж буй, хуулийн хүрээнд л ажиллаж байна шүү дээ” гэжээ. АТГ-т хийж буй, чадаж байгаа ажил цөөнгүй бийг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрчид, эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автаж, том загас биш, жараахай барихад л “гаршсан” гэсэн шүүмжлэл үнэний ортой. Монголд АТГ хэрэгтэй юу гэвэл тийм. Харин ажиллах арга барил, бие даасан байдлыг нь хуулиар илүү сайн хамгаалахгүй бол бөөрөнхий тайлбар, хамгаалсан шалгалт хийсэн болоод л авлигын том хэргүүдийг мартуулдаг болох вий.