Өнгөрсөн пүрэв гарагт ихэнх нутгаар салхи хүчтэй салхилж, зарим газарт борооны өмнө секундэд 24-33 метрт хүрч ширүүсэн, салхилсны улмаас нийслэл, орон нутагт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларч, цахилгаан тасарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төвийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт айлын гэр, байшин нурсан дуудлага онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тухайлбал, Халзан сумд 27 айлын гэр, 20 хашаа, гурван байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомын талбайболон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, таван өрх усанд автан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, иргэдийгаюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутагт 21.00-22.00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, салхины хурд 25-33 м/с хүрч салхилсны улмаас Аргалант сумд долоо, Баянхангайд36, Лүнд 13, Эрдэнэсантад хоёр гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан байна. Хорхирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсэг ажиллаж буй юм.
Мөн байгалийн гамшигт үзэгдэл нийслэлчүүдийг тойроогүй бөгөөд пүрэв гарагт 23.00 цагийн үед хүчтэй аадар орж, аянга, цахилгаан цахиж, салхилсан. Үүний улмаас Сүхбаатар дүүрэгт нэг, Сонгинохайрханд дөрвөн байшингийн дээвэр хууларч, 28 гэр нурсан байна. Түүнчлэн Чингэлтэйд нэг, Хан-Уулд хоёр айлын гэр нурсан бол Сүхбаатар дүүрэгт нэг иргэн гэрт дарагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Түүнчлэн нийслэлд гурван байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, усны барилга байгууламжийн газрын шуурхай баг ажиллаж, ус соруулах арга хэмжээ авчээ. Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд цахилгааны таван тулгуур багана нурсны улмаас тус дүүргийн 33, 34 хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд цахилгаан тасарсан байна. Ташрамд, ирэх сарын 1-нд мөн зарим газарт аадар бороо орж, салхи хүчтэй салхилах төлөвтэйг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэв. Ирэх сарын 1-нд Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутгаар, 1-2-нд шилжих шөнө Говьсүмбэр, Дорноговьдсалхины хурд 10-12 м/с хүрч шуурах төлөвтэй байна. Мөн энэ өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв, Хэнтийн нутгаар ахиухан бороо орох гэнэ.
Ч.Болор
