Тоног төхөөрөмж нь эвдэрсний улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах боломжгүй байсан давхар автобуснуудыг засаж эхэлсэн талаар “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-аас мэдээллээ. Тодруулбал, зарим давхар автобусны цахилгаан моторт контроллёр болон хийн компрессор нь гэмтсэний улмаас өнгөрсөн оноос хойш үйлчилгээнд гаргаагүй байна.
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ыг өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд байгуулж, “Зорчигч тээвэр гурав”-аас дан 36 цахилгаан автобус, давхар арван автобусыг долоодугаар сард хүлээлгэн өгсөн аж. Гэвч 2-092, 2-093, 2-112, 2-113 дугаартай давхар автобусны зарим тоног төхөөрөмж нь эвдэрсний улмаас үйлчилгээнд гаргалгүй бүтэн жилийн нүүр үзжээ. Цахилгаан автобусны сэлбэг, хэрэгсэл дотоодын зах зээлд байхгүй, үйлдвэрлэгч орноос захиалдаг тул олдоц хомс, өртөг өндөр тул ийн хугацаа алдсан гэнэ. Харин шаардлагатай сэлбэгийг татан авснаар удаан хугацаанд зогссон автобуснуудыг замын хөдөлгөөнд оролцуулах боломжтой болж буйг тус газрынхан дуулгав.
Ч.Цэлмэг