Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын бэлтгэл ажил, явган хүний замын тохижилт, авто замын завсар, шинэчлэл, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж буйг мэдээлсэн. Уг ажлын хүрээнд дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар өргөтгөж буй бөгөөд явц нь 52, авто замын засвар, шинэчлэл 60 хувьтай байгаа аж. Тодруулбал, энэ онд нийслэлд 41 байршилд нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөсний заримыг нь өмнөх оноос дамжуулан үе шаттай гүйцэтгэж байгааг шуурхай хуралдаанаар танилцууллаа. Түүнчлэн 2024-2025 онд угсармал 205 блок орон сууц дулаалах гэнэ. Үүний 21 блокийг нь “Угсармал орон сууцын дулаалгын төсөл”-ийн хүрээнд дулаалахаар тендер зарлажээ. Мөн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны хэмжээнд 5000 өрхийн гэр, сууцыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан орон сууцуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 цахилгаан шат шинэчлэхээр болжээ. Эл ажлын гүйцэтгэл нь өдгөө 50 хувьтай байгааг албаныхан хэлсэн. Харин нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199.8 мянган ам метр талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж байгаа гэв.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж. Одоогийн байдлаар дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн дөрвөн цогцолбор, нэг спорт заалны барилга ашиглалтад хүлээн авчээ. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц ерөнхийдөө удаашралтай байгаа учраас эрчимжүүлэх, орчны аюулгүй байдлыг нь хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Мөн өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга, байгууламжийн цахилгаан, дулааны шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав бэлтгэхийг даалгалаа.
О.Оргилох