Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Гончигсүрэн Улаанбаатарын “Их дуулга-2025” тэмцээний нэмэх 100 кг-ын ангилалд аваргалж, алтан медаль хүртлээ. Тэрбээр 2023 онд эл тэмцээний хасах 100 кг-ын ангилалд түрүүлсэн байна. Ингэснээр тэрбээр уг тэмцээнээс хошой алтан медаль хүртэж буй юм.
Б.Гончигсүрэн хагас шигшээд Япон Улсын тамирчин Дайго Кагаваг давсан бол финалын шатны барилдаанд ОХУ-ын бөх Артём Золотухинтай учраа таарч, ялсан. Тэрбээр “Эх нутагтаа барилдахаар сэтгэл амгалан сайхан байдаг. Хасах 100 кг-ын ангилалд 2023 онд түрүүлж байсан. Харин өнөө жил нэмэх 100 кг-ын ангилалд түрүүллээ. Монгол, ОХУ, Японы хүчтэй өрсөлдөгчидтэй учраа таарсан. Барилдаан таарах, таарахгүй хүмүүс гэж бий. Энэ удаад маш сайхан барилдлаа. Финалын өмнө жаахан сандарсан ч дэвжээнд гараад бие тавирсан” гэв.
Улаанбаатарын “Их дуулга-2025” жүдо бөхийн тэмцээнийг “AIC Steppe arena”-д энэ сарын 24-27-нд зохион байгууллаа. Дэлхийн чансааны оноо олгох эл тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм. Уг тэмцээнээс Японы жүдочид нийт 12 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлсэн бол Монголын жүдочид нийт 11 медалиар хоёрдугаар байрт жагссан байна. Харин ОХУ-ын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
У.Сүрэн