Туркийн баруун хойд хэсэгт орших Бурса хотын орчимд Кестел болон Гүрсу дүүрэгт томоохон хэмжээний ой хээрийн түймэр уржигдар гарч, нэг гал сөнөөгч нас баржээ. Одоогоор 1700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Кестел болон Гүрсугийн хоорондох авто замыг хаасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га газар өртсөн аж. Тус улсын зарим бүс нутагт агаарын температур 50.5 хэмд хүрч, хэт халсны улмаас ой хээрийн түймрийн тархалтыг зогсооход хүндрэлтэй байгаа гэнэ. Мөн хөрш Грек улсад ч хэт халсны улмаас томоохон хэмжээний ой хээрийн түймэр дэгджээ. Гал сөнөөгчид Афинаас баруун зүгт орших Пелопоннесийн бүс нутаг, Эвиа, Китира, Крит зэрэг аралд дэгдсэн таван том түймрийн голомтыг унтраахаар өдгөө ажиллаж буй ч хүчтэй салхины улмаас тархалт нь нэмэгдэж, хэд хэдэн тосгон цахилгаангүй болжээ.
У.Цэцэг