Дундговийн Хулд сумаас Луус хүртэлх хэсгийн авто зам говийн бүсэд зорчигчдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул заналхийлэл учруулж буйг иргэд сэрэмжлүүлж байна. Тус замын чанар, аюулгүй байдлын асуудлыг орон нутгийн иргэд, жолооч, зорчигчдоос эхлээд аялал жуулчлалынхан өнгөрсөн хавраас хойш хөндсөн. Амралт, зугаалга, аялал жуулчлалын оргил үеэс урьтан хэмхэрхий замаа засаж, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг тэд орон нутгийн удирдлагууд болон зам, тээврийн асуудал хариуцсан байгууллагынхнаас гуйж байв.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөнтавдугаар сард Зам, тээврийн яамныхан “Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замын эвдрэлтэй хэсэгт их засвар хийх тендерийг хэд хэдэн удаа зарласан ч компаниуд оролцоогүй. Хоёр багц ажлын сонгон шалгаруулалтыг энэ сард дахин зарлаад байна. Гүйцэтгэгчийг тодруулсан даруйд ажлыг нь хугацаа алдалгүй эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэйд тооцогдох 7.8, Мандалговь-Даланзадгадын чиглэлийн 30.4 км газарт их засвар хийх гүйцэтгэгчийг тодруулсан ч хариуцсан компаниуд нь ажлаа эхлүүлэхгүй хугацаа алдаж буй гэнэ.
Орон нутгийн удирдлагын мэдээлж байгаагаар Дэлгэрцогт орчмын авто замыг “Даш зам”, Луус орчмынхыг “Хурдны зам”, Хулдынхыг “Ди вай кэй би” ХХК-ийнхан засахаар болж холбогдох байгууллагуудтай өнгөрсөнтавдугаар сарын сүүлчээр гэрээ байгуулсан ч “Ди вай кэй би”-гийнхэн түр зам гаргах ажлаа хожуу боловч эхлүүлсэн, үлдсэн хоёр нь өдий хүртэл бараа сураггүй байгаа гэх. Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас эдгээр замын компанид албан шаардлага хүргүүлж, ажлыг нь яаравчлуулахаар хандсан ч үл тоосоор өнөөдрийг хүрсэн аж. Энэ ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйгээс тухайн хэсэгт нөхөөс тавихаар засвар, арчлалтын гэрээ байгуулсан компаниудад ч хүлээгдэл үүсжээ. Үндсэндээ Дундговийн хэмхэрхий замыг өнөө жилийн дулааны улиралд засаж амжих, эсэх, ажлыг нь энэ зун эхлүүлэх үү, үгүй юү гэдэг нь ч бүрхэг байна.
Хамгийн харамсалтай нь, шат шатандаа хариуцлага алдсан энэ үйл явдлааас болж говийн бүс нутаг руу өдөр тутам зорчигч дотоодын иргэд төдийгүй гадаадын жуулчид хүртэл эрсдэл үүрч буй. Ямар сайндаа л жолооч нар “50-60 км-ийн хурдтай явж байхад л машин техникээ хэмхччих гээд байна. Дундговийн зам бол там, ослын занга” хэмээн шогшрох вэ дээ. Гэтэл Зам, тээврийн яамныхан нь тендер зарлаж, гүйцэтгэгч шалгаруулсан нэртэй, орон нутгийн удирдлагууд нь шаардлага тавьж, бичиг цаас хүргүүлсэн “гавьяатай”-гаар хариуцлагаас бултсаар. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй аливаа ажлын хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, уялдаа холбоотой ажиллах нь, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудтай хатуу хариуцлага тооцох нь төрийн байгууллагынхны нэн тэргүүний үүрэг байлтай.
Н.Мишээл