“Усны тунгалаг Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Бүүвэйл хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг төрөлх нутаг Увс аймгийн Ойрад театрын гадна сүндэрлүүллээ. Уг хөшөөг олон нийтийн хандиваар уран барималч Г.Түмэнчулуун урласан байна. Тэрбээр “Г.Түмэндэмбэрэл гуайн хөшөө 3.5 метрийн өндөртэй. Суурьтайгаа нийлээд 5.1 метрийн өндөртэй, зургаан тонн жинтэй. 3-5 мянган жилийн насжилттай бүтээл боллоо. Хөшөөний урд талд түүний төрж, өссөн Хан хөхий хайрхныг дүрсэлсэн” гэсэн юм.
Г.Түмэндэмбэрэл нь Ардын дуу, бүжгийн чуулгад 40 гаруй жил ажиллахдаа 200-гаад бүтээлийг амилуулж, олон түмний сонорыг мялаажээ. Түүний намба төрх, уран нугалаа, дуулах ур дүй, өнгө аяс, aйзам хэмнэл нь дахин давтагдашгүй болохыг одоо ч шавь нар нь хэлдэг билээ. Мөн тэрбээр АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдсоноос гадна Вьетнам болон Лаосын төрийн дээд шагнал хүртэж байв.
Ташрамд дурдахад, Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын маршал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх зорилготой үзэсгэлэнг Улаангом сумд олны хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнд түүний эдэлж, хэрэглэж байсан хувцас, гэрэл зураг, ном товхимол болон лааны тосон баримлыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой гэнэ.
У.Цэцэг