Өмнөговь аймаг дахь Говийн байгаль, түүхийн музейнхэн МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Сэврэй сумын Баянборын нуруунд археологийн малтлага, судалгаа хийжээ. Энэ нь манай улсад музейн мэргэжилтнүүд үзмэрийн сан хөмрөгөө баяжуулах зорилгоор судлаачидтай хамтран археологийн хээрийн судалгаа хийсэн анхны тохиолдол гэнэ.
Тус экспедиц Хүннүгийн болон Монголын эзэнт гүрний үед холбогдох булш, оршуулгын дурсгалуудыг малтаж, судалсан аж. Хэдийгээр тухайн бүс дэх дурсгалууд гаднын нөлөөнд автаж, тоногдсон ч музейн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр болохуйц, хангалттай мэдээлэл өгөхүйц судалгааны хэрэглэгдэхүүн илрүүлсэн гэдгийг тэд дурдлаа.
Археологитой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Хөвсгөл аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрынхантай хамтран Арбулаг, Баянзүрх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Тосонцэнгэл сумд хайгуул, судалгаа хийж, түүх, соёлын үл хөдлөх 36 дурсгалыг шинээр бүртгэжээ.
Ж.Сувд