Боловсролын зээлийн сангаас олгодог зээл, тэтгэлгийг хүртээмжтэй, зарцуулалтыг нь үр дүнтэй бол¬гох зорилгын хүрээнд Засгийн газар өнгөрсөн хавар холбогдох журамд нь өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл шинэчлэн баталсан журмын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнг тус сан цахим системдээ анх удаа нээлттэй байршуулжээ. Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврт суралцах зээлийн сонгон шалгаруулалтад өнөө жил 186 хүн материалаа илгээснээс 70 нь тэнцсэн бол 116 хүн журмын шаардлага хангалгүй бүдэрчээ.
Харин шилдэг сургуулиудад тэргүүлэх мэргэжлээр ахисан түвшинд буюу магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлгийн шалгаруулалтад 55 хүн оролцсоноос 17 нь, буцалтгүй тусламжаар гадаадад мэргэжил эзэмших хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгаруулалтад 17 суралцагч өрсөлдсөнөөс дөрөв нь тэнцсэн байна. Сонгон шалгаруулалтад нийт 258 иргэн оролцсоноос 35 хувь буюу 91 нь л зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдах болзол хангасан аж.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн нэрэм¬жит тэтгэлэг буюу “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд 296 суралцагчийг гадаадад суралцуулахаар бэлтгэл хөтөлбөрт хамруулж байгаагаас 39 нь ХБНГУ-д суралцахаар болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээлсэн юм.
Ж.Сувд