АНУ энэ сарын 4-нд баталсан Нэгдсэн төсвийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд цагаачлалын бус буюу тус улсад түр зорчих виз мэдүүлгийн хураамжийг 250 ам.доллароор нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь АНУ-ын Төрийн департаментээс хэрэгжүүлдэг VWP хөтөлбөр болон цахим бүртгэл, зөвшөөрлийн ESTA системд холбогдсон улс орнуудын иргэдээс бусад бүх виз мэдүүлэгчид үйлчлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ.
Манай улс дахь Америкийн ЭСЯнаас төлбөрийн шинэчлэлтэй холбоотой албан ёсны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргээгүй байгаа ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг зуучлалын газрууд зар түгээж эхэлжээ. Өдгөө монголчууд тус улсад түр хугацаагаар зорчих визийн хураамжид 185 ам.доллар буюу 675 мянга гаруй төгрөг төлж буй. Тэгвэл энэ суурь хураамжийн хэмжээ хоёр сарын дараа 435 ам.доллар буюу 1.5 сая төгрөг болох нь.
Н.Мишээл