Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон “Монголын самрын кластер” төрийн бус байгууллагынхан хушин ойн нөөцийг хэрхэн хамгаалах аргачлалын талаар байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнхны дунд сургалт зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж, мэдээлэл хүргэж эхэлжээ. Түүнчлэн самрыг аль үед, хэрхэн түүж, бэлтгэх тухай технологийн зөвлөмжийг орон нутгийн иргэдэд өгч буй гэнэ.
Манай орны хушин ойн талбай сүүлийн 10 жилд 12 хувиар буурсныг мэргэжлийн байгууллагынхан судлан тогтоогоод байгаа. Экологийн өндөр ач холбогдолтойд тооцогддог ойн хэмжээ буурахад хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа самар бэлтгэх үйл явц багагүй нөлөө үзүүлжээ.
Тус холбооноос Богдхан ууланд судалгаа хийхэд нэг модыг олон удаагийн давтамжтай мунадаж цохисон, байгалийн аясаар сэргэн ургах аргагүй болтол нь их биеийг нь гэмтээсэн тохиолдол нийтлэг ажиглагджээ. Иймд “Самрыг хугацаанд нь зөв түүе” уриалгын хүрээнд дээрх сэдвээр сургалт зохион байгуулах болсон аж. Хушин ойг хамгаалагчид экологийн боловсролын сургалтаа Архангай, Өвөрхангай аймгаас эхлүүлсэн бол энэ сард Төв, Хэнтий, Сэлэнгэд ажиллажээ.
Ж.Сувд