Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийн хүрээнд НӨАТын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж буй. Үүнд гадаадын орнуудаас Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн зайнаас болон цахимаар үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахаар тусгажээ. Тодруулбал, манай улсад оршин суугч бус хуулийн этгээд гадаадаас манайд үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол тэднийг татвар суутган төлөгчөөр бүртгэх аж. Үүнд “Meta”, “Google”, “Netflix” зэрэг цахим платформ эрхлэгч, видео, стрийминг, зар сурталчилгаа, программ хангамж тэргүүтэй онлайн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, хуулийн этгээд хамаарах гэнэ.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд гаднын хувь хүн, хуулийн этгээдээс НӨАТ авдаг болсноор татварын орлого бодитой нэмэгднэ хэмээн үзэж буй юм. Түүнчлэн бизнесийн өрсөлдөөний тэгш орчныг бүрдүүлэх, дижитал орчин дахь татварын бодлогыг боловсронгуй болгоход ач холбогдолтой аж.
Д.Хэрлэн