Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Баянмонгол” хороололд “Ай Би Эй” компани 16 давхар бүхий хоёр блок орон сууц барихаар газар ухаж, хашаа татжээ. Үүнийг тус хорооны иргэд эсэргүүцэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Улсын өмчийн ганц ч цэцэрлэггүй тус хороонд цэцэрлэг, сургуулиас эхлээд тоглоомын талбай, хүүхэд хөгжүүлэх төв хэрэгтэй байхад ийн орон сууц барихаар улайрч байгааг оршин суугчид нь эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Энэ тухайд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Хүн амын нягтаршил ихтэй бүсэд дахин орон сууц барихгүй байх шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргасан. Мөн ийм бүсэд орон сууц бариулахгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж ч бий. Энэ оны зургаадугаар сард нийслэлийн газрын албанаас газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдлийг “Ай Би Эй” компанид нь өгсөн ч Хот төлөвлөлт, стандартын газар барилга барих зөвшөөрлийг давхцуулж олгожээ” гэв.
Мөн тус хорооны Засаг дарга Э.Төрболд “Манай хороонд түр оршин суугчидтай нийлээд 32 000 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Хүн амын нягтаршил ихтэй. Ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд хамран сургах тойргийн хүүхдүүд нь багтдаггүй. Энэ байршилд хөрсний усны асуудал яригддаг. Ийм байхад дахин орон сууц барина гэдэг боломжгүй. Нийслэлийн ИТХ-аас гаргасан захирамж, тогтоолыг зөрчиж, орон сууц барихаар хүч түрэмгийлж байгааг эсэргүүцэж, оршин суугчдаас гарын үсэг цуглуулан энэ пүрэв гарагт хотын даргад хандана” гэв.
Ч.Цэлмэг