“Айргийн баяр-2025” арга хэмжээ Архангай аймгийн Хотонд сумд ирэх сарын 8-нд болно. Эл арга хэмжээний үеэр аймгийн аварга адуучныг шалгаруулахаас гадна шагайн харваа болон жороо морины уралдаан зохион байгуулна. Мөн адууны тоноглол, морьтон түмний өв соёлыг таниулсан үзэсгэлэнг ч энэ үеэр дэлгэх бөгөөд ногт, хазаар, дөнгө зангидах тэмцээн зохион байгуулах гэнэ. Бас хамгийн сайхан амттай айргийг шалгаруулж, дэмбээ наадах аж. Гүүний айраг нь цангаа тайлахаас гадна хүний биед түргэн шингэж, бодисын солилцоог сайжруулдгаараа давуу талтай. Мөн зүрх судас, төв мэдрэлийн системийг сэргээн, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулдаг гэнэ. Олон төрлийн амин дэмээр баялаг бөгөөд үнээний сүүнээс гурав дахин их С витамин агуулдаг аж. Түүнчлэн кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр баялаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Э.Сондор