Урин дулаан цагт гадаа талбайд зохиогдох амьд хөгжмийн тоглолтууд шил шилээ дардаг билээ. Зуны сар зургаа биш хэмээн үзэгч, сонсогчид долоо хоног бүр л задгай талбайн шоуг зорьж байх шиг. Концерт, амьд хөгжмийн шоу тоглолт хүний сэтгэлийг хөгжөөн цэнгүүлэх нь сайхан ч энэ үеэр сонсголоо хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Энэ нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй хүнд ч хамаарахыг сануулах нь зөв биз.
ДЭМБ 12-35 насныхны 50 гаруй хувь нь чанга дуу чимээний улмаас сонсголоо алдах эрсдэлд байгааг мэдэгдсэн. Урьдчилан сэргийлэх боломжтой байхад үүнээс болж сонсголоо алдвал харамсалтай хэрэг. Тиймээс хөгжмийн наадам, шоу, концертын үеэр сонсголоо хэрхэн хамгаалах талаар танд сонирхуулъя.
Тоглолтын үеэр дууны давтамжийн дундаж хүч 100-120 децибел (дБ) хүрдэг. Харин хүн 85 дБ болон түүнээс чанга дуу чимээнд олон цаг байвал сонсголын эсүүд гэмтэж, дүлийрэх эрсдэлтэй байдаг аж. Гадаадад бол зохион байгуулагчид нь дуу чимээг тогтмол хянах, хэрэв аюултай түвшинд хүрсэн бол самбар, дэлгэцээр дамжуулан мэдээлэх, ДЭМБ-ын зөвлөмжийг дагах үүрэг хүлээдэг. Түүнчлэн чихний бөглөө үнэ төлбөргүй байршуулах, дуу чимээнээс түр холдож, амрах тусгай хэсгийг бүрдүүлэх ёстой байдаг гэнэ. Тэр байтугай, гэр бүл, хүүхэдтэйгээ тоглолт үзэж буй хүмүүст дуу чимээ сааруулах төхөөрөмж түрээслэхийг санал болгодог байна.
Энэ бол олон улсын фестивалиудын тогтсон жишиг. Харин үзэгчийн хувьд чихний бөглөө хэрэглэх нь л хамгийн хялбар бөгөөд төсөр арга аж. Өөрөөр хэлбэл, зориулалтын хэрэгсэл ашиглах, шоуны үеэр завсарлага авч, өсгөгчөөс зайдуу зогсох нь сонсголоо хамгаалах энгийн үйлдэл юм. Хөгжмийн фестиваль зохион байгуулагчдын үзэж буйгаар 25-34 насныхны 46, 45-54 насныхны 22 хувь нь сонсголын хамгаалалт хэ¬рэглэж буй нь залуучууд сонсголын эрүүл мэнддээ илүү анхаардаг болсны жишээ гэнэ шүү.
Д.Хэрлэн