Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 29-нд эхэлсэн Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Ганбаатар нар оролцож байна.
Энэ удаагийн Парламентын дарга нарын VI бага хурал нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламент болон гишүүдийг олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийн дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг үндэсний хэмжээнд бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уриалах зорилготой аж.
Олон улсын парламентын холбооны гишүүн 180 орны парламентын 84 дарга, 18 дэд дарга оролцож буй уг хурлын ерөнхий хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвээр илтгэл тавина. Мөн тэрбээр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийгээд байна. Уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд онцлов. Тодруулбал, хууль тогтоох байгууллага, тэдгээрийн тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломжтой гэлээ.
Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникер манай хоёр орон газар зүйн хувьд алслагдмал хэдий ч энх тайванч, олон талт хамтын ажиллагаа бүхий нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Ирэх намар парламентын хяналтын сайн туршлагуудыг солилцох чиглэлээр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн төлөөлөл Монгол Улсад айлчлахаар болсныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн талууд Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар санал солилцжээ.
М.Гэгээ