ОХУ-ын зүүн эрэг орчмын бүс нутагт өчигдөр 08.25 цагт газар 8.8 магнитудын хүчтэй хөдөллөө. Тус улсын ШУА-ийн Геофизикийн албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Петропавловск-Камчатски хотоос 161 км-ийн зайд, 32 км-ийн гүнд байсан бөгөөд хагарал нь баруун өмнөд чиглэлд ойролцоогоор 200 км-т тархсан гэнэ.
Эл нутаг нь хүн ам цөөнтэй, алслагдмал газар бөгөөд Номхон далайн галт бүсэдбайрладаг аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдөлдөг галт уулын бүс юм. Үүнээс үүдэн ОХУ төдийгүй АНУ, Японы зарим хэсэгт цунамигийн сэрэмжлүүлэг өгч, түгшүүр зарлажээ. Тухайлбал, Японд Хоккайдогоос Кюүшү хүртэлх эргийн бүсүүд, АНУ-д баруун эргийн бүх муж, Аляскийн Алеутын арлын зарим хэсэгт цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Цунамигийн эхний давлагаа Японы хойд хэсэгт орших Хоккайдо аралд хүрсэн бөгөөд тус улсын NHK телевизийн мэдээлснээр давлагаа ойролцоогоор 30 см-ийн өндөртэй байж. Харин цаг уурчдын урьдчилсан мэдээгээр цунамигийн давлагаа цаашид 3-4 метрийн өндөрт хүрэх магадлалтай гэнэ. Иймд далайн эргийн бүс болон голын эрэг, савдагуу оршин суудаг иргэдийгөндөрлөг газар, бат бөх барилгын дээд давхар луу нүүхийг анхаарууллаа.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд томоохонсүйрэл болдог аж.
У.Сүрэн