БНХАУ-ын Засгийн газраас энэ онд мэндэлсэн хүүхдүүдэд гурван нас хүртэл нь нийт 1500 ам.долларын тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ өнгөрөгч даваа гарагт зарлалаа. Түүнчлэн энэхүү журамд 20 сая гаруй гэр бүл хамрагдах төлөвтэйг Хятадын төв хэвлэлээс мэдээлжээ. Мөн 2022-2024 оны хооронд хүүхэд төрүүлсэн гэр бүлүүдэд ч тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгох гэнэ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон эдийн засагтай тус улсын төрөлт гурван жил дараалан буурсан нь хүн ам зүйн хямрал нүүрлэснийг илтгэж байгаа тул ийнхүү яаралтай арга хэмжээ авах шалтгаан боллоо хэмээж буй. Хятад улс есөн жилийн өмнө 30 гаруй жил мөрдөгдсөн “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо цуцалсан юм.
Шинэ залуу хосууд хүүхэд төрүүлэхээс зайлсхийж, өсгөн хүмүүжүүлэх өртөг, өөрсдийн ажилдаа санаа зовних болсон нь ийм байдалд хүргэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн Хятадын зарим мужид “Төрөхөд ээлтэй нийгэм” уриан дор гэрлэлтээ батлуулсан хосыг 5-25, амаржсан эхийг 150 хүртэлх хоног амраах санал дэвшүүлээд байна. Эдгээр шийдвэрийг хүн ам зүйн бодлого тодорхойлогчид “Энэ нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ боловч төрөлтийг нэмэгдүүлэхэд хангалтгүй” хэмээсэн аж. Хонконгод төвтэй хөрөнгө оруулалтын “Pinpoint asset management” компанийн ахлах эдийн засагч Живэй Жан “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Төрөлт буурах нь манай улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой цохилт” гэж онцолжээ.
Д.Сэлэнгэ