АНУ-д болж буй оны шилдэг өсвөрийн тамирчдыг тодруулах олон улсын цахим шалгаруулалтад хөл бөмбөг, холимог тулаанаар хичээллэдэг, 10 настай Майк хэмээх монгол хүү өрсөлдөж байна.
Энэхүү уралдааныг сагсан бөмбөгийн домогт дасгалжуулагч, спортын шинжээч Жим Валваногийн үүсгэн байгуулсан, хорт хавдрын эсрэг V сан, NBA-ийн алдарт тоглогч Дуэйн Уэйдийн үүсгэн байгуулсан 3BRAND, АНУ-ын алдарт “Sports illustrated” сэтгүүл хамтран зохион байгуулж, ивээн тэтгэдгээрээ онцлог. Ялагчдыг дээрх брэндийн зар сурталчилгаанд тоглуулж, сэтгүүлийн зочноор онцлохын зэрэгцээ мөнгөн шагналаар урамшуулдаг юм.
Өнөө жилийн уралдааны шагналын сан 25 мянган ам.доллар аж. Манай улсаас нэр дэвшсэн залуу тамирчин одоогоор санал хураалтын дүнгээр өөрийн ангилалдаа тавдугаартбичигдэж байна. Санал хураалт athleteoftheyear.org цахим хуудсаар ирэх сарын 7 хүртэл үргэлжилж, олон нийтийн дэмжлэгээр шилдэг 20 тамирчныг тодруулах нь.
Н.Мишээл