Тээврийн прокурорын газраас энэ оны эхний долоон сард хүүхэд суррон унаж, зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалсан байна. Эл хугацаанд сурронтой холбоотой 15 осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 18 хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурсан аж.
Осолд өртсөн хүүхдүүдийн 14 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр, хоёр нь хүнд гэмтжээ. Сурроныг 18 насанд хүрээгүй, жолооны А ангиллын үнэмлэхгүй хүн унахыг хуулиар хориглодог. Гэтэл осолд өртсөн хүүхдүүд бүгд дээрх насанд хүрээгүй буюу найм нь 17, гурав нь 16, тав нь 15, хоёр нь 15-аас доош насныхан байжээ. Тэдний 15 нь эрэгтэй, гурав нь эмэгтэй аж. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахад суррон унаж замын хө¬¬дөлгөөнд оролцсон хүүхдүүдийн найм нь автомашины зам дээр, хоёр нь явган хүний гарцаар, дөрөв нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үед, мөн дөрөв нь замын бусад хэсгээр зорчиж явахдаа осолд өртсөн байна.
Мотоцикл, сурронтой холбоотой осол өдөр бүр шахуу гарч буйг цагдаагийнхан хэлж байна. Өчигдөр л гэхэд Хан-Уул дүүргийн XIX хороо, “Оргил” худалдааны төвийн зүүн замд зам, тээврийн ноцтой осол гарч, 41 настай эрэгтэй амиа алдлаа. “Мерседенс Бенз” маркийн автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас мотоциклийн жолооч газар дээрээ нас баржээ. Тухайн осол болсон газрын замыг засаж байсан бөгөөд бүх тэмдэг, тэмдэглэгээ бүр явган хүний гарц ч байхгүй, түргэн тусламжийн автомашин дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа ирсэн гэж тэр хавьд байсан иргэд ярьсан юм.
Ч.Болор