Алтайн сүрлэг уулс, тал хээр, цэнгэг нуурууд, байгалийн цогцолборт газар, баян бүр¬дээр хүрээлүүлсэн олон угсаатны өлгий нутаг бол Ховд аймаг. 90 мянга гаруй хүн амтай тус аймгийн Булган сум руу энэ сард зорчвол 1959 оноос хойш тарьж, нутгийн брэнд бол¬сон давжаа алим, чавга, 18 зүйлийн зэрлэг чацаргана, амтат гуа ид боловсорсон байдаг тул жимс, жимсгэнээр элбэг дэлбэг угтах нь. Ховдын охид, залуус хайраа илэрхийлэхдээ тарвас бэлэглэдэг хэмээн хошигнох нь бий шүү дээ. Эл аймагт өнгөрсөн онд гадаад, дотоодын 45 мянган жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 28 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингээд олон угсаатны өлгий нутгийн зарим үзэсгэлэнт газар, аялах маршрутыг сонирхуулъя.
ХАР УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Их нууруудын хотгор руу Монгол алтай нуруу, Хангайн салбар уулс түрсний улмаас бие биеэсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгор бий болсны нэг нь Хар ус нуурынх. Тиймээс физик, газар зүйн өвөрмөц онцлогтой. Тус хотгор нь тал бүрээсээ өндөр уулсаар хүрээ¬лэгдсэн тул баруун зүгийн чийглэг агаар бус, харин зүүн урд талаас Төв Азийн их цөлийн хуурай уур амьсгал саадгүй нэвтэрдэг тул цөлөрхөг аж. Энэ цогцолборт газарт 54 хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 11 зүйл нь ховор, нэн ховорт хамаардаг. Тэрбайтугай, цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, минж, тавал атигдаахай бүртгэгдсэнээрээ онцлог.
Урд захаараа хулс, шагшуургатай, цөлжүү ээр, заримдаг цөлийн эл цэнгэг нуурыг 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Уудам том мэт харагдавч тун гүехэн Хар ус нуурын цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 төрлийн өвс, ургамал бий гэнэ. Голдуу хун, бор галуу, цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, хотон зэрэг шувуу зусна. Сүүлийн үед нуур татарснаас үүдэж эргийн зурвас дагуу зэгс шигүү ургаж, намагжсан байна. Тус нуур нь 70 450 ам километр талбайгаас усаждаг ба 70 гаруй хувь нь Ховд голын ай савд хамаардаг аж. Хэрэв та эл байгалийн цогцолборт газрыг үзэхийг хүсвэл Ховд аймгийн Манхан сум хүртэл засмал замаар хүрэх боломжтой юм.
ӨРГӨН НУУР
Дарви сумын нутаг дахь Дөргөн нуур нь Хар ус нууртай залгаа оршдог. Зүүн урдаасаа баруун хойшоо сунасан тогтоцтой ба цөлөрхөг, бага нуурын манхан улс уснаа гүн түрж, нуурын ёроолыг хучдаг. Нуурын баруун талд Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван харын тал, Сээх нуур луу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан нь бий гэнэ. Намгархаг бөгөөд шорвог устай аж.
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙ
Манхан сумын төвөөс баруун тийш 25 кмийн зайд далайн түвшнээс дээш 2 400 метрийн өндөрт орших, бөмбөгөрдүү оройтой, карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтох агуй бий. Хад нь галын дөлд шатсан байдаг нь агуйд удаан хугацааны турш хүн амьдарч байсны тэмдэг хэмээн үздэг байна. Түүнчлэн тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэргийг дүрсэлсэн 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгалыг жуулчид ихээхэн сонирхдог гэнэ. Уг агуйг 1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэжээ.
МӨНХХАЙРХАН УУЛ
Эл уул нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэй, баруун хойноос зүүн урагш 200 гаруй км үргэлжлэн оршдог. Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газар зүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг гэнэ.
Энэ бүс нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг амьтан нутагладаг бөгөөд хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог томоохон дөрвөн тархац нутгийн нэг. Түүнчлэн энэ уул орчимд казах, урианхай түмэн оршин суудгаараа онцлог. Ховд аймаг руу зорчвол хуурай, сэрүүн уур амьсгал таныг угтах тул аялалдаа дулаан хувцас бэлдэх хэрэгтэй шүү.