Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ынхан 63 дахь улирлын тоглолтоо ирэх есдүгээр сараас эхлүүлэх болсноо мэдээлсэн. Тоглолтын хуваариа гаргасантай холбогдуулан тасалбараа өнөөдрөөс театрын билетийн кассаар болон ticket.mn-ээр борлуулж эхэллээ. Тус театрынхан ирэх намар, өвлийн хуваарьт багтсан найман уран бүтээлээ гадаад, дотоодын шилдэг уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэдээ толилуулахаар төлөвлөжээ. Сонирхолтой нь, есдүгээр сараас арванхоёрдугаар сарын 21 хүртэл үзэгчдийн хүртээл болгох тоглолтуудынхаа тасалбарыг анх удаа дуурь, балет үзэж буй хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар болсон байна. Хямдралтай тасалбарыг ирэх сарын 1 хүртэл худалдаалах бөгөөд сонирхсон хүмүүст алдаж болохгүй боломж гэдгийг ч театрын уран бүтээлчид хэлнэ лээ.
Энэ удаагийн улирлын тоглолтыг сонгодог урлагийн үндэс суурь болсон “Orchestra night III”-аар эхлүүлэх нь. Тус тоглолтын эхний өдөр уран бүтээлчид Францын хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлэх бол дараагийн өдөр нь Италиас уригдан ирэх уран бүтээлчидтэй хамтрах зэргээр тоглолт бүр сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж.
63 дахь улирлын тоглолтыг товлосон өдөр бүр 17.00 цагт толилуулах бөгөөд хуваарийг хүргэе.

М.Гэгээ