Хятад улсын удирдлага “Нэг өрх-нэг хүүхэд” хэмээх хүн амынхаа өсөлт үржилтэд бараг 40 жил хяналт тавьсан чанга хатуу бодлогоосоо татгалзаад дөрвөн жил болж байна. Ингээд хятад айлууд хоёр хүүхэдтэй болох хууль ёсны эрхтэй болсон юм. Тухайн үедээ Хятадын нийгэм хийгээд Өрнөдийн шүүмжлэгчид төрөлтийг хязгаарлах бодлогыг бас нэг мөр талархан хүлээж аваагүй гэдэг. АНУ уг бод¬логыг “хүний эрхийг зөрчиж байна” гэж үзээд Хятадын цагаачдад улс төрийн орогнол олгож байв. Гэвч хэдэн жил өнгөрөхөд энэ бодлогоосоо америкчууд ч татгалзахад хүрсэн байдаг. Магадгүй, энэ эрхийг бүрэн хангахын тулд харгис хатуу ч гэсэн ийм арга хэмжээ аргагүй авах болсныг нь ойлгоо биз. Эцгийн эрхт ёс ноёрхсон, хөдөөгийн хагас өлсгөлөн хүн ам давамгайлсан, бараг тэрбум хүнтэй, тэр нь жилд 20 саяар нэмэгддэг өсөлтийн өндөр үзүүлэлттэй 40 жилийн өмнөх Хятад улсыг эргэн саная. Ийм нөхцөл байдалд, түүхийн богино хугацаанд ядуурлыг хэрхэн давж, ард түмнээ хооллож, хувцаслаж, орон байртай, боловсролтой болгож, эмнэлгийн тусламж үзүүлэх билээ. Өөрөөр хэлбэл, хүний гол эрх болох дажгүй амьдрах боломжийг яаж бий болгох вэ?. Хятадын удирдагчид хүн амынхаа өсөлтөд хатуу хяналт тавьснаар энэ тун бэрх зорилтыг шийдвэрлэж чадсан юм. Үүнийг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл “Нэг өрх-нэг хүүхэд” бодлого хүн баярлууламгүй талаа бас харуулж эхлэв. Хятад оронд настайчууд эрчимтэй нэмэгдэж, хөдөлмөрийн чад¬вартай хүний тоо цөөрлөө. 2013-2015 онд хоёр жилийн дотор хүн ам нь 3.7 саяар цөөрчээ. Бодлого нь энэ янзаараа байвал цаашдаа хүн ам улам цөөрөх нь ойлгомжтой болов. Татвар тө¬лөгчдийн тоо цөөрч, тэтгэвэр авагчид олшрохоор улсын төсөвт ирэх дарамт нэмэгдэх нь зайлшгүй. Хятадын эдийн засагчдын бодлоор нөхөн үржихүйн коэффициент 1.8 хувь болж байж улс орны урагшлах хөдөлгөөн тогтвортой болохоор. Тухайн үед энэ үзүүлэлт дөнгөж 1.6 хувьтай байлаа. Нийгмийн тогтвортой бус байдлын гол хүчин зүйл гэж үздэг хүн амын хүйсийн тэнцвэртэй бус байдал гэ¬дэг асуудал ч гараад ирэх нь тэр. 2023 оны байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа 51:49 байжээ. Хүн амын бод¬логодоо өөрчлөлт хийх үндэслэл Хятадад нэгэнт бий болчихсон, зарим шинжээч цаг алдлаа ч гэж үзэж байлаа. Өөрчлөлт хийх цаг болоход тус улсын ганц хүүхэдтэй айл 140 сая га¬руй болчихсон байв. Ганц хүүхдийг “бяцхан эзэн хаад” гэцгээх. “Нэг хүүхэд” сэдвээр Хятадад тусгай судалгаа хийсэн бө¬гөөд 1970-аад оны эцсээс төрсөн “айлын ганц хүүх¬дийн” үеийнхэн томоогүй, амиа бодсон, хамт олны хөдөлмөрт дасаагүй байдгаараа ялгарна.
Хятад улс Дорнын он тооллын бичин жилийн босгон дээр хүн амын талаар баримтлах бод¬логодоо өөрчлөлт оруулсан юм. Ийм жил төр¬сөн хүмүүс бусдын хайрыг татсан, хурц ухаантай, овсгоотой байдаг гэдэгт хятадууд итгэдэг аж. Гэхдээ 2017 онд л хүүхдүүд “цувна” гэж хүлээж байлаа. Олон ч эцэг, эх хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр шийдээд байв. Харамсалтай нь, өөдрөг бус үзэлтнүүдийн таамаг ёсоор болж “бич тусалж”, 2016 онд 17.8 сая хүүхэд төрсөн ч цаашдаа хүүхдүүд “цувсангүй”. Харин ч төрсөн хүүхдийн тоо эрс буурав. Хүн ам эрс хөгширлөө. 60-аас дээш настан 253.8 сая буюу нийт хүн амын 18 хувийг эзлэх болсон байна. Хүмүүс урт насалж буйтай уялдан энэ үзүүлэлт цаашдаа ч өснө. 16-59 насны хөдөлмөрийн чадвартай хүний тоо 2019 оны эцсийн байдлаар 896.4 сая буюу нийт хүн амын 64 хувь болсон байж. Тиймээс нөхөн үржихүйн талаар явуулж буй бодлогоо либералчилж, хожимдоогүй дээр нь аливаа хязгаарлалтыг цуцлахыг олон түмэн шаардах болсон байна.
Оросын сэтгүүлч Светлана Селиванова Хятадын амьдралыг олон жил ажиглажээ. Анх 1987 онд Хятадад хөл тавьж, улмаар 2020 он хүртэл сүүлийн 15 жил энд амьдарчээ. Эхлээд үзсэн Хятад нь 20-иод жилийн дараа тэнгэр, газар шиг ялгаатай болсон байв. “Эрчимтэй төвлөрөл, эдийн засгийн хөгжил, боловсрол олгох боломж, түүний нэр хүнд, карьераа өсгөх нөөц, нээлттэй байдал, глобалчлал энэ бүхэн Хятадын залуу үеийн үнэт зүйлсийн чиг баримжааг өөрчлөхгүй байж чадсангүй.
“Нэг өрх-нэг хүүхэд” бодлого өөр нэг гунигтай үр дагавартай байсан нь хүйсийн тэнцвэр алдагдсан явдал юм. Ганцхан хүүхэдтэй бай¬хыг албан ёсоор зөвшөөрснөөр эцэг, эхчүүд үр удмыг нь үргэлжлүүлэх эрэгтэй хүүхэдтэй байхыг л хүсэх болжээ. Эрүүлийг хамгаалах хорооны жил бүрийн тайланд дурдсанаар 1971-2012 онд жирэмслэлтийг зориудаар зогсоосон тохиолдол 270 сая удаа бүртгэгдсэн байна. Үүний дүнд эрэгтэй хүүхдийн тоо эмэгтэйгийнхээс олон дахин их болжээ. 2019 онд Хятадын хүн ам 715.3 сая эрэгтэй, 684.8 сая эмэгтэйтэй болж, 30 сая эр хүн гоонь үлдэх эрсдэл нүүрлэсэн байв. Тэгээд хятадуудад эмэгтэй хүн хамгийн “ховор бараа” болж орхив. Хамгийн гол нь ханиа яаж олох вэ гэдэг асуудал тулгарлаа.
Ухаан сэхээтэй хятад хүмүүс нэг туршилт хийхээр шийдэж “Гэргий нарын яармаг” гээчийг бодож олсон байна. Эхлээд 2004 онд Чэнду хотод түүнийг зохион байгуулав. Энэ санаачилга олны санаанд нийцэж орон даяарыг хамарлаа. Түүнд оролцоход их зардал шаардахгүй, 10 юань төлөөд л тусгай тавцан дээр суудал авах бөгөөд борлуулах эмэгтэйн нас, өндрийн хэмжээ, боловсрол, орлого, өөрийн орон сууцтай эсэх, ямар жилтэй болохыг өгүүлсэн бичээс хамт байна. Зуучлагчаар уламжлан танилцах бөгөөд тэр нь ихэнхдээ охиныхоо хувь заяаны төлөө санаа зовсон эцэг, эх нь байна.
Заримдаа гэр бүлийн тусгай ажилтнууд, мэргэшсэн зууч нар ч байдаг. Эмэгтэйн эрэлт өсөхийн хэрээр түүнд тавих шаардлага нэмэгдэнэ, материаллаг хангамж, орон сууц, за тэгээд эхнэр олох гэж буй эр машин унаагүй бол хэрэг огт бүтэхгүй. Бас мэдээж эр хүний га¬даад үзэмж, царай зүсийг яаж хайхрахгүй байх билээ. Тиймээс улс орон даяар дур булаах урлагт суралцах “сургууль” бий болов. Нэг ийм сургуулийн тухай телевизээр хүртэл ярьсан аж. Залуу эрчүүдийг сайхан хувцаслах, охидод хандах нарийн арга эв олох, харилцаагаа зөв байлгах, түүний дотор анхны болзоогоо зохион байгуулахад сургадаг дасгалжуулагчид ч гарч ирэв. Нэг ёсондоо бизнес бий болж, зарим сургуульд мянга мянган эр суралцах болжээ. Удалгүй албан ёсны бүтэц бий болсон нь Коммунист намын байгууллагын дотор Коммунист залуучуудын холбоо гэгч үүсэж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болов. Энэ холбоо Хятадын зүүн нутагт байх Чэзян мужид олон за¬луус оролцуулсан болзоо-уулзалт зохион байгуул¬жээ. Хэн нэгэнд нь аз таарч санаандаа нийцсэн охиноо олоо юм биз. Цаашдаа тэгээд яагаа бол. Хурим л хийсэн байлгүй. Үгүй... тэр тун ч амар¬хан биш. Охиныг худалдаж авах ёстой болов.
Сэтгүүлч Светлана Селиванова нэгэн түү¬хийг өгүүлсэн байх юм. Түүний Бээжинд байдаг нэг танил нь хайртай бүсгүйтэйгээ учирсан ч айл гэр болж чадахгүй л байж. Учрыг лавлавал “мөнгөө хурааж байна” гэж. Хятадад ийм уламжлал байсныг Светлана мэддэг ч одоо цагт, хөрөнгө чинээтэй сэхээтэн хүмүүс... гээд бодохоор л түүнд нэгэн шинэ нээлт болсон байна. Мөнгөний дүн нь бас тун яггүй, оросын хоёр сая рубль гэнэ. Аз болоход энэ танил нь мөнгө төлөлгүйгээр сэтгэлтэй эмэгтэйгээ гэргий болгоод авч. Гэхдээ охиноо өгөхийн тулд Светланагийн танилаас нэхсэн мөнгө хамгийн их нь биш аж. Одоо бол үүнээс хавьгүй их болсон төдийгүй нэмэгдсээр байгаа юм байна. Энэ нь олон талаар хятадуудын амьдралын түвшин сайжирсантай холбоотойн зэрэг¬цээ мэргэжлийн гэх зуучдын хязгааргүй шуналаас үүдэлтэй гэнэ. Хэрэг явдалд Хятадын эрх баригчид оролцохоос аргагүй болж хол¬боо байгуулан зуучлагчдыг нэгтгэж, мөнгөний хэмжээнд хяналт тавих болжээ. КН-ын гишүүн зуучийн авах мөнгөний хэмжээг 100 мянган юаниас (нэг сая гаруй рубль) хэтрэхгүй байхаар тогтоосон тухай мэдээлэл хаа нэгэнтэй¬гээс Светлана уншсан ч түүнийг шалгаж нягталсангүй. Бас нэг сонирхолтой нь нутаг холдох тусам гэргий болгох бүсгүйн үнэ өсдөг байна. Хөгжингүй гэгддэг мужид үнэ нь яагаад ч юм бэ хямдарна.
Үүнд бас “реклам” маягийн үйлдэл байх бөгөөд, охины эцэг, эх ирээдүйн хүргэнийхээ та¬лын¬ханд “үнэд орох”-ын тулд “барьцаа чангаруулдаг” байна. Үүнээс болж нөгөө үнэ өснө
Хурим гэж айхтар юм бий. Олон хүн оролцуулж, элбэг, хангалуун хийдэг дэг журам, тогтсон уламжлалтай. Нэгэн хуримд мань сэтгүүлч театрт очиж байгаа юм шиг заларч, хурим эхлэхийн өмнө зураг авахуулах гэж сунжирсан урт ёслол зайлшгүй байдаг арга хэмжээ. Сэтгүүлч маань цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг, уул устай газар тэр ч бүү хэл Тянаньмэнийн талбай, Маогийн хөргийн өмнө гээд янз бүрийн л газар зураг авхуулж байхыг үзэж.
Дараа нь нөхөр, гэргий нар ээлж дараалан орж ирнэ, эцгүүдийн урт яриа сунжирна. Бэрүүд хадмууддаа цай барих ёслол, хуримлагчид нарийн дэгээр төрөл, садан, найз нөхөдтэйгөө мэндчилнэ. Сэтгүүлчийн танил эмэгтэй саяхан гурав дахь хүүгээ төрүүлжээ...
Р.Жаргалант