Манай улс дотоодоосоо 100 хувь хангадаг цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэг нь төмс юм. Тийм ч учраас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ бусад хүнсний ногоотой харьцуулахад хямд, нийлүүлэлт нь элбэг байсаар ирсэн. Өдгөө гэхэд хүрэн манжин (4400), лууван (3900), сонгино (4100) зэрэг бусад ногоотой харьцуулахад нэг кг төмсний үнэ хямд буюу 2380-2600 төгрөгийн ханштай буй ч долоо, долоо хоногоор огцом өссөөр байгааг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
Тухайлбал, нийслэл дэх зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн долоо хоногт кг төмсний дундаж үнэ 2380 төгрөг байжээ. Энэ нь хүнсний бусад ногоотой харьцуулахад эрс өссөн буюу өмнөх долоо хоногийнхоосоо 42.9 хувиар нэмэгдсэн ханш гэнэ. Төмсний үнэ ийм байдлаар энэ сарын сүүлч, ирэх сарын эхэн үе хүр¬тэл нэмэгдэх төлөвтэйг Хүнсний ногоо тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооныхон дурдав.
Жил бүрийн долоо, наймдугаар сард төмсний үнэ оргилдоо хүрдэг уламжлалтай аж. Энэ нь хүнсний ногоо агуулах буюу зоорины эрэлт, түрээсний үнэ өдийд эрс нэмэгддэгтэй холбоотой юм байна. 2022 оны наймдугаар сард шинэ ургацын төмс кг нь 4300, өмнөх жилийнх нь 3500 төгрөгт хүрч өсөж байж. Үнийн энэ хөөрөгдөл шинэ ургацын ногоо их хэмжээгээр худалдаанд гардаг есдүгээр сар гэхэд аажмаар буурч, тогтворждог нь ч бас л зүй тогтол болжээ.
Төмсний амт чанар муудсан, шинэ, хуучин нь ч ялгагдахаа байсан гэх яриа сүүлийн үед гарах болсон.Үүнийг тариаланчид голдуу сорттой холбож тайлбарладаг. Тэгвэл манай улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногооны тариалж буй, БНСУ-ын иргэн Ким Сон Чул Монголд амттай, сайн чанарын төмс ургадаггүйн гол шалтгааныг байгаль, цаг ууртай холбож тайлбарлажээ. Тодруулбал, сайн чанарын төмс ургуулахад шаардлагатай нарлаг өдрүүд манай оронд хангалтгүй, хөрсний чийг, шим тэжээлийн үзүүлэлт муу, агаарын температурын хэлбэлзэл савлагаатай зэрэг нь нөлөөлдөг гэнэ. Тариаланчид эдгээр нөхцөлийг хүчээр бүрдүүлж, төмсөө “таргалуулах”-ын тулд бордоо ашигладаг ч үүнийхээ зохистой тунг мөн л тааруулж чаддаггүй ажээ. Үүн дээр усалгаа, хогийн ургамал, хортон шавжийн нөлөө зэрэг хүчин зүйлс ч нөлөөлдөг юм байна.
Н.Мишээл