Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан элс Элсэн манхны баяр-2025” арга хэмжээг энэ сарын 15-17-нд зохион байгуулах нь. Энэ үеэр элсэн манхны оргил булаацалдах болон гар бөмбөгийн тэмцээн, автомашины кросс, хурдан морины уралдаан зохион байгуулах юм. Мөн хүчит бөхийн барилдаан, сур харваа, “Хонгорын голын тойром” шагайн харваан тэмцээн болох аж.
Долоо дахь жилдээ зохион байгуулах эл арга хэмжээгээр дамжуулан байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтцыг дотоодын болон гадаадын аялагчдад таниулан сурталчлах, говийн иргэдийн уламжлалт ёс заншил, ахуй амьдрал, зочломтгой байдлыг хадгалан үлдээх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэнэ.
Сонирхуулахад, Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Зөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжилсэн 925 ам км талбай эзэлдэг. Элсэн манхан нь ёроолоосоо оргил хүртэл 10-195 метрийн өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гаргадаг гэнэ. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Өөрөөр хэлбэл, салхинд элсний маш нарийн ширхгүүд хийсэж, сарнин цахилгаанжиж эерэг, сөрөг цэнэг үрэлдсэнээс ийнхүү чимээ гардаг байна.
У.Сүрэн