Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслол энэ сарын 7-9-нд болно. Гонгор бурхныг цагаан өнгөтэй гэж үздэг учир түүнд зориулсан бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээж, дотор нь есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай зэргийг хийж аравнайлан тахидаг. Үүнийг гадаадын жуулчид шашин, соёлын зан үйл талаас нь ихэд сонирхдог бол монголчууд эд баялаг, буян хишиг арвижуулдаг гэсэн итгэл үнэмшлээр өрх гэртээ хадгалдаг эдийн сав болох бумбаа авч очдог. Гонгорын бумба тахих ёслолд ойролцоогоор 10-20 мянган сүсэгтэн оролцдог гэнэ. Хийдийн зүгээс энэ жил нэгэн сонирхолтой “бүтээгдэхүүн”-ийг нэвтрүүлсэн нь бумба тахиулах хүсэлтэй ч зорьж очих боломжгүй хүмүүст хүргэлтээр үйлчлэх аж. Тодруулбал, тус хийдийн утсаар холбогдон захиалга өгснөөр лам, хуврагуудын аравнайлж, шившсэн идээ будаа, эд зүйлсийн дээжийг гэртээ хүргүүлэн авч болох юм байна.