Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто зам уул уурхайн тээвэрт талхлагдан эвдэрч, осол гарах нөхцөл үүсээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин тус замыг засаж эхэлсэн бөгөөд зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, А0201 дугаартай УлаанбаатарМандалговь чиглэлийн авто замын 198-203 км хоорондох хэсгийг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хаах гэнэ. Мөн 207-210 км-ийг нь энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хааж, түр замаар зорчуулах нь.
А02022 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 73-80, 89-96 км хоорондохыг өнгөрсөн сарын 31-нээс хаасан бөгөөд ирэх 1-нд нээх аж. Түүнчлэн тус замын 96-105 км дэх хэсгийг энэ сарын 10-наас ирэх аравдугаар сарын 1, 80-89 км хоорондохыг есдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд тус тус хаах юм байна. Дээрх хугацаанд түр замаар зорчуулах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулав.
Ч.Цэлмэг