“Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейнхэн олны хүртээл болгож байна. Ирэх сарын 9 хүртэл толилуулах эл үзэсгэлэнд тус музейн 28 дэсийн үзмэр болон иргэн Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалж буй XVIII-XX зуунд хамаарах эзэн сангийн ганзай, танка зураг, сан тахилын судар тэргүүтэй 29 эд өлгийн зүйлийг анх удаа нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог аж.
Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Эзэн Богд Чингис хаанаа монголчууд эрт үеэс бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад тахил, шүтээнтэй холбоотой ховор нандин эд өлгийн зүйлс болон судар бичгийг олны хүртээл болгож буй юм.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлох үзмэр болох Дайны тэнгэрийн дүрээр залрах Чингис хааны шүтээн хөргийг гэгээн гэрэлт нарны доор, огторгуйгаас товолзсон их утаан дунд, аливаа эрдэнэсийн эмээл, хазаар, хөмөлдрөг, хударгаар чимсэн цагаан морь хөлөглөсөн сүр жавхлантайгаар дүрсэлснээрээ онцлогтой гэнэ.
У.Сүрэн