Олон улсын хиймэл оюуны II олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн найман сурагч оролцсоноос хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, дэлхийн 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлого бодож, оюун ухаанаа уралдуулан өрсөлджээ. Тэмцээний нийлбэр оноогоор “Эрхэт эрдэм” сургуулийн XII ангийн сурагч Ч.Ирмүүн, “Оюунлаг” сургуулийн XI ангийн сурагч С.Хангэрэл нар хүрэл медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн X ангийн сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил болсон, хиймэл оюуны анхдугаар олимпиадаас манай улсын сурагчид алт, хүрэл медаль хүртэж байв.
Энэ удаагийнхад оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн төдийгүй олон жилийн настай олимпиадын хэмжээнд хоёрхон жилийн хугацаанд хүрснээрээ онцлог болсныг зохион байгуулагчид онцолжээ. Түүнчлэн тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь оролцогчдын ур чадварыг ихээхэн сорьсон гэнэ. Мөн олимпиадын хүрээнд БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхсон байна. Мөн олимпиадын сүүлийн өдөр олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгуулжээ. Ингэснээр сурагчид олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож, амьдралд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэгтэй болсон гэнэ.
Ташрамд, энэ онд монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртэж, шагналт байруудад шалгарч, өндөр амжилт үзүүлсэн. Олон улсын олимпиадад амжилт гаргасан нийслэлийн 20 сурагч, багшийг өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын захирагч хүлээн авч, баяр хүргэн, урамшуулсан юм. Тухайлбал, шавь нараа алтан медальд хүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын XI сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцын 150 сая төгрөгийн эрхийн батламж гардуулав. Мөн олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид гурав, мөнгөн медаль хүртсэн сурагчдад хоёр, хүрэл медаль хүртсэн сурагчдад нэг сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшууллаа.
Ч.Болор