УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээхэд сар гаруйхны хугацаа үлджээ. Өмнөх жилүүдэд намрын чуулганыг аравдугаар сарын 1, хаврынхыг гуравдугаар сарын 15-нд нээдэг байсан. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард парламентаас УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа чуулганыг есдүгээр сарын 15-нд нээж байхаар зохицуулжээ.
Намрын чуулганы эхлэх хугацааг ийнхүү 15 хоногоор наашлуулсан нь төсвийн төслийг боловсруулахтай холбоотой аж. Уг чуулганаар хэлэлцэн баталдаг нэг гол төсөл нь Монгол Улсын дараа оны төсөв байдаг. Мөн улсын төсвийн хэлэлцүүлгийг таван үе шаттай болгон өөрчилж, олон нийтийн саналыг сонсох дамжлага нэмсэн билээ. Тиймээс намрын чуулганыг арай эрт эхлүүлснээр УИХ-ын гишүүд төсвийн төслийг сонгогдсон тойрогтоо танилцуулж, мэргэжлийн байгууллагынхан болон олон нийтийн саналыг сонсон, оролцоог хангах боломж бүрдэнэ гэж үзжээ.
С.Уул