Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэл хийв.
Өнөө жил нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 139 барилгыг он дамнуулан барьж буй аж. Эдгээрээс 15-ыг нь өдгөө ашиглалтад оруулсан бөгөөд 2025 онд багтаан эл тоог дахиад 20-иор нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр ирэх намар сургууль, цэцэрлэгийн орон тооны багтаамж 21 500-гаар нэмэгдэнэ гэж албаныхан тооцжээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхэд шинэ орчин нөхцөлд суралцана гэсэн үг. Үүний 14 мянга гаруй нь сурагч, үлдсэн нь цэцэрлэгийн хүүхдүүд гэнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил өдгөө 82 хувьтай үргэлжилж байгаа аж. Түүнчлэн ирэх онд сургууль, цэцэрлэгийн 30 барилга нэмэлтээр барих газрыг чөлөөлөх ажлыг одооноос эхлүүлжээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд энэ онд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам тавих, түүний байгууламж, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэг барих, тэдгээрийн дэд бүтэц, зогсоолыг шийдэх зэрэгт нийт 3157 нэгж талбар газрыг чөлөөлсөн байна.
М.Гэгээ